ХУУЛЬ: 60 нас хүрсэн ажилтанг ажил олгогч ажлаас нь шууд халах эрхгүй

2021-10-06

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх хуульчид, ажилтан, ажил олгогчдыг хамарсан хэлэлцүүлгийг Клабхаус дээр өчигдөр/2021.10.05/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцов.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил шинээр орсон зарчим, заалтаас танилцууллаа.

Тэрбээр “Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар 60 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг нь цуцлах эрхтэй байгаа.

Энэ заалтыг ажлын олгогчийн энэ эрхийг хассан. Өөрөөр хэлбэл, хүн 60 нас хүрээд шууд ажлаасаа халагдахгүй.

Тухайн хүнийг наснаас нь болж ажлаас нь халахгүй, харин нас үл харгалзан ажлаа хийж чадахгүй тохиолдолд хална.

Яамны сайд баталдаг эмэгтэй хүн ажиллаж болохгүй ажлын жагсаалтыг байхгүй болгосон. Энэ бол манай эмэгтэйчүүдийн байгууллагын тавьсан шаардлага. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг анхаарах, тэдэнд илүү дэмжлэг үзүүлэх зохицуулалт тусгагдсан.

Мөн ажилтан, ажил олгогчийн эрх үүргийг тодорхой тусгаж өгсөн. Ажилтан ерөөсөө л үнэнчээр хөдөлмөрлөх, нууцыг хадгална гэсэн хоёр үүрэгтэй. Үүнийг дэлгэрүүлж ажилтан нь ажлаа үнэнчээр гүйцэтгэнэ, ур чадвараа дайчилна, ажлын цагийг ажилдаа зарцуулна, ажилдаа ирэхдээ ажлаа хийх чадвартай байна гэсэн 11 үүрэгтэй болгосон.

Ажилдаа согтуу ирвэл ажилтны үүрэг биелүүлээгүй гэж үзэн сахилгын шийтгэл, бусад арга хэмжээг авах боломжтой гэсэн үг” хэмээн ярьлаа.

Холбоотой мэдээ