Шадар сайд ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэв

Эх дэлхийн намтар түүхнээ эгнэгт баларшгүй данстай суу их түүх, гайхамшигт өв соёлоороо бахархан дээдэлдэг МОНГОЛ түмэндээ Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо бидний өвөг дээдэс ямар их үнэ цэнээр олж авсныг хойч үеийнхэн бид үрийн үрд эрхэмлэн санаж явах учиртай. Туурга тусгаар улсынхаа хөгжил дэвшлийн төлөө монгол хүн бүр цохилох зүрх, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулж, эрхт ардынхаа эв нэгдэл, эрх ашгийг ямагт дээдлэн хичээж явах өвгөдийн захиас үл хуучрах билээ.
Хүн төрөлхтнийг бүхэлд нь хамраад буй аюулт цар тахлын улмаас бид түүхэн тэгш ойнууд давхацсан онцгой үеийн Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэлгүй, хойшлуулахаар шийдвэрлэсэн. Гэвч аливаа улс үндэстний түүхэн чухал баярт үйл явдал гэдэг ямар ч нөхцөлд хүн ардынх нь сэтгэл зүрхэнд лугшин оршсоор байдаг билээ. Наадмын энэ л өдрүүдэд монгол үндэсний язгуурын сэтгэхүй сэрж, оюун санааны дархлаа сэргэж, “Бид монголчууд” хэмээх нэгдмэл үнэт зүйл, бахархалаар нэгэн зэрэг омогшин буцалдаг.
Цар тахлын үеийн нөхцөл байдал ч монголчууд бидний дотоод чинадын энэ л омогшлыг дундраахгүй биз ээ. Харин баяр наадмын амралтын өдрүүдээр агаар салхинд гарахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан өөрийгөө болон бусдыг эрсдэлээс сэргийлэхийг Та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье!
Хотол олноороо эсэн энх, сэтгэл тэнүүн аж төрөх цагийг наашлуулж, дараа жилийн наадмаар дүүрэн баяртай, түвшин жаргалтай наадацгаая.
Гүрний түүхээр түүчээлсэн тусгаар тогтнол, эв нэгдэл минь үеийн үед бат бэх орших болтугай!
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд
Сайнбуянгийн АМАРСАЙХАН

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn