Тандалтын багт өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллах сайн дурын иргэдийг бүртгэж байна

2021-10-05

Коронавирусийн хариу арга хэмжээний багт сайн дурын ажилчдыг бүртгэж байгаа талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллээ.

-Коронавирусийн хариу арга хэмжээний багт сайн дурын ажилчдыг ажиллуулж байгаа. Хэдэн хүн ажиллаж байна вэ. Сайн дурын ажилд хамрагдах хүсэлтэй иргэд хаана хандах, цалин, урамшуулал ямар байх вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, халдварын эсрэг хариу арга хэмжээний үед дэмжлэгт удирдлагаар хангах ажлын хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. ӨЭМТ-үүд тухайн хороонд 300 хүртэлх тохиолдол бүртгэгдсэн нөхцөлд өөрсдийн нөөц бололцоогоор хяналт, гэрийн ажиглалт хийн ажиллаж байгаа.

Хэрэв иргэн та сайн дурын ажилд хамрагдахыг хүсвэл НОК-ын Шуурхай штабын байранд ирж бүртгүүлээрэй.

Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл бид нэмэлт баг гарган ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Баянгол дүүргүүд ачаалалтай байлаа. Бид сайн дурын ажилчид болон өөрийн машинтай иргэдийг тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахыг уриалснаар 550 гаруй хүн бүртгүүлээд байна. Эдгээр хүнээс одоогийн байдлаар 45 хүнтэй гэрээ хийн, ажилд нь оруулсан. Сайн дурын ажилчид өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг авна. Эдгээр иргэний машины элэгдэл, халдваргүйтгэл хийх зэрэг асуудал бий. Энэ ажлын байр халдвар авах эрсдэлтэй. Гэсэн хэдий ч иргэд маань нийгмийн сайн сайхны төлөө хувийн унаагаараа ажиллаж байгаад талархаж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ