Иргэд: Бид удаан тэслээ, юмны үнэ арай дэндлээ, ард түмэн туйлдаж байна

АН-аас зохион байгуулж буй жагсаалд оролцохоор иргэд төв талбайд цугларч байна. Ирсэн иргэдийн хувьд ганц нам бус, өнөөдрийн тогтолцоог эсэргүүцэн, тайван жагсаж байна гэлээ.
Иргэд ийнхүү ярьж байна:
-Ядуурал руу ороход маш ойрхон байна. Сири, Афган зэрэг улсын араас орчих вий гэж залуу хүний хувьд санаа зовж байна. Тэмцэлдэх биш нэгдсэн байдлаар арга хэмжээ авахгүй бол улс маань нилээн хэцүүдлээ гэж харж байна.
Нэг нам гэхээсээ илүү тогтолцоо чинь болохгүй байна гэх үүднээс энд ирж, тайван жагсаж байна.
-Цалин, тэтгэвэр нэмэхгүй, ард түмний байж байгаа амьдрал ийм л байна. Юмны үнэ арай дэндэж байна.
-Бид алийн болгон дуугүй байх вэ. Иргэдийн амьдрал хамгийн доод түвшиндээ хүрлээ. Сүүлийн 12 жилд 119 их наяд төгрөгийн экспортын борлуулалт хийхэд ердөө 18 их наяд төгрөг нь улсын төсөвт орсон. Коронавирусийн цар тахлын улмаас хүн амын тал нь шахуу ядуурлын ирмэг дээр ирээд байна.
Засгийн газар дорвитой арга хэмжээ ав, үгүй бол чаддагт нь зайгаа тавьж өг.
Халх голын дайнд 200 орчим хүн нас барсан байхад өнөөдөр зургаа дахин олон хүн нас барчихаад байна. Харц хүн сөхрөх эрхгүй гэдэг. Гэтэл бид аль хэдийн сөхөрчихөөд байна.
-УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа аж амьдрал сайжрах байх гэсэн. 1200 байсан талх Нэгдүгээр хороололд 1500, Баянхошуунд 1800 төгрөгөөр зарж байна.
Ард иргэд 1800 төгрөгийн талхыг чинь авч, идэх чадал байхгүй байна, хувааж өгөөч ээ гэхэд хувааж өгөхгүй гэж байна.
Ард түмэн үнэхээр туйлдаа хүрчихлээ.
-Ахмадууд гэртээ байж байхаар энд ирж дуу хоолойгоо хүргэж хэрэгтэй.
Би 450 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сангийн сайд бид нарт яаж энэ 450 мянган төгрөгөө хүргэж хоол авч идэхийг зааж өгөх хэрэгтэй байна.
Залуучууд фэйсбүүкээр л шуугиад байна, энд ирж үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй.
-Цалин, тэтгэврийг 2022 онд нэмэхгүй гэж байна, ер нь хүнд байна шүү. Монгол элгээрээ унах юм шиг байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn