Дарханы лабораторид хийсэн PCR шинжилгээгээр дахин дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогджээ

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр 23:00 цагийн орчимд коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурал хийлээ.

Тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр сэжигтэй дөрвөн тохиолдол гарсныг мэдээллээ.

Ж.Энхбаяр “Дархан хотын хэмжээнд хийсэн 10 мянга гаруй түргэвчилсэн оношилгооны үр дүнд өнөөдрийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Мөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноор ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг хийж байна.

Түүнчлэн Дархан-Уул аймагт дахь төмөр замын 1,088 ажилтныг шинжилгээнд хамруулах ажил энэ цаг мөчид үргэлжилж байна. Үүнээс 21:30 цагийн байдлаар 878 хүнийг шинжилгээнд хамруулснаас дөрвөн хүн сул эерэг буюу сэжигтэй тохиолдол гэж гарсан байна. Эдгээр хүнийг тусгаарлалтад авсан.

Эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах, хариу арга хэмжээний баг төмөр замын ажилчид албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн болон хамтран ажилладаг байгууллагынхан, төмөр замын ажилчдын оршин суудаг хороо, орон сууц, түүнд ойр амьдардаг хүмүүсийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна.

Дархан хотод хийсэн 10 мянга гаруй шинжилгээний үр дүнд коронавирусийн халдвар нь төмөр зам, төмөр замын систем дагаж зөөвөрлөгдөн орж ирсэн нь тодорхой болсон” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ