• Цагдаагийн алба хаагч  бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг хэрэглэхийг хориглоно  

    Хөл хорионы үед гадуур явж байсан иргэдэд цагдаа нар  шаардлага тавьж, эсэргүүцэл үзүүлсэн зарим хүнд хүч хэрэглэсэн дүрс бичлэг өнөөдөр нийгмийн сүлжээгээр тархав. Тэгвэл Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаа явуулах журмыг тодорхой зааж өгсөн байдаг.

    Хуулийн 22, 23 дүгээр зүйлд энэ тухай заажээ.

    Үүнд:

    • Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.
    • Цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж, авсан арга хэмжээтэй холбогдон хүн, хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.
    • Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.
    • Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.
    • Цагдаагийн алба хаагч үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсанаар өөрийн албаны үнэмлэхийг үзүүлнэ.
    • Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.
      • Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно.
    • Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг шаардаж болно.
    • Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй.
    • Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
    • Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ