Түүхийн ховор дурсгалыг ЗДТГ ингэж хамгаалахгүй ээ

2021-09-30

Манай улс түүх соёлын дурсгалаар элбэг. Хадны зургийн гайхамшигт дурсгал цөөнгүй. Олон арван мянган жилийн настай түүхийн дурсгалууд сүүлийн үед халдлага дайралтад өртөх болоод байна. Булш хиргисүүр тоногсод олон.

Гэтэл сүүлийн үед тэдгээрийг хамгаалах үүрэгтэй орон нутгийн засаг захиргааныхан элдэв химийн хортой будаг сэлтээр зурж, сийчих болоод байна. Баянхонгор болон Ховд аймагт иймэрхүү асуудал гарчээ.

ШУТИС-ийн багш, доктор Ю.Болдбаатар өөрийн нүүр номондоо тус постыг оруулжээ. Нээрээ ч Засаг даргын тамгын газар түүхийн үнэт дурсгалыг ингэж хамгаалахгүй ээ.

“Болдбаатар Юндэнбат
❗ЗДТГ ингэж тамгалж хамгаалахгүй ээ❗
Төрийн албан дахь хуулиа, ажил, мэргэжил, үүргээ мэдэхгүй нөхдийн балаг. 🤔🤔🤔
Ховд аймгийн Ямаан усны хадны зураг нь хүрэл болоод хүннүгийн үеийн 2 өөр цаг үеийн басхүү өөр аргаар зурсан тэрэгний хосгүй дүрслэлтэй дурсгал бөгөөд хүрлийнх нь уламжлалт дэлгээс маягаар, чингэхдээ хөллөсөн 3 хүлэг нь давхиж яваагаар, харин хүннүгийнх нь хажуугаас, тэрэгний хэлбэр, хийцийг илүү бодитой дүрсэлсэн хийгээд морьтонгуудынх нь донж байдал үнэхээр морьтон нүүдэлчний хэв шинжийг маш уран сайхан гаргасан бүтээл билээ. Ямаан усны энэхүү ханан хаданд эдгээр тэрэгнээс гадна төрөл бүрийн ан амьтан, хүннүгийн тамга, байлдааны зээтүүгээр байлдаж буй эрчүүл гээд олон дүр дүрслэл бий. Гэвч энэ дурсгалт газрыг Үенч, Алтай сумд булаацалддаг нь дурсгал буй газрын байршилтай холбоотой бөгөөд энэ асуудлаас үүдэж Алтай сумынхан ийнхүү түүх соёлын хосгүй дурсгал бүхий хадан дээр “АЛТАЙ СУМ, ЗДТГ. 2003 он” гэж зурж сийлэн тамгалсан ажээ. 🤔🤔🤔 Уг нь ЗДТГ хуулиар хүлээсэн үүргийн дагуу иргэдэд Соёлын холбогдох хуулиудыг сурталчилж, тэдэнд түүх соёлоороо бахархах бахархлыг буй болгоход чиглэсэн танин мэдэхүйн тайлбар, анхааруулга, уриа бүхий самбар босгох нь зорин очигсдод соёлын өвөөр бахархах, хамгаалах тухай эерэг хандлагыг буй болгоход чухал нөлөө үзүүлэх билээ. Дээр өгүүлсэн алдартай тэрэгний зургуудыг дор нааж оруулав.

Холбоотой мэдээ