Б.Пүрэвдорж: Маргааш жагсаал хийхдээ иргэдэд үнэгүй маск, бээлий тараана

Маргааш буюу аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” жагсаалыг төв талбайд зохион байгуулах талаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Жагсаал цуглаанаас гарсан аливаа эрсдэлийг жагсаал цуглаан зохион байгуулагч байгууллага хариуцлага хүлээн хэмээн цагдаагийн байгууллагаас анхааруулаад, шаардлагыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид гардуулав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

20 орчим их наяд төгрөг зарцуулаад байна. Дэлхийн улс орнууд ДНБ-ийхээ 17 хувийг ковидод зарцуулж байхад Монгол Улс ДНБ-ийхээ 60 хувийг ковидод зарцуулаад байна. Тэгсэн ч коронавирусийн халдварын тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. 20 их наяд төгрөг үр дүнгүй ашигласныг цар тахлын өнөөгийн нөхцөл байдал харууллаа.

Аравдугаар сарын 1-ний өдөр болох жагсаалд ард иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн, үйлчилгээний салбарынхан ирж дуу хоолойгоо хүргээрэй гэж урьж байна гэв. Бид бүхэн жагсаалд ирсэн иргэдийн үзэл бодлыг чөлөөтэй, тайван замаар зохион байгуулах боломжоор хангаж ажиллана. Жагсаалыг үймүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх яриа сонсогдож байна. Ийм зүйлийг цагдаагийн байгууллагаас зохицуулж ажиллана гэж итгэж байна.

АН-ын дарга М.Тулгат:

Бид зарласан ёсоор “Одоо боллоо” цуглааныг маргааш хийнэ. Төрийнхөн дүрэм журмаа зөрчиж болдог, иргэд хүлээцтэй байж дэг журмаа мөрддөг юм байна. Бид масктай ч гэсэн эрх чөлөөнийхөө төлөө дуугарч чаддаг гэдгээ харуулах болно.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

Үндсэн хуулиар бид жагсаал, цуглаан хийх эрхтэй. Ардчилсан улсад зөвхөн мэдэгдэл хүргэдгийг дагуу бид Ерөнхий сайд, хотын дарга нарт мэдэгдлээ хүргүүлсэн. Жагсаалаа хийхдээ үнэгүй маск, бээлий тарааж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж жагсана.

Эрх чөлөө, эдийн засгаараа хохирсон иргэн бүрийг жагсаалд урьж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn