“Э.Бат-Үүл биднийг байртай болгож өгнө гээд газрыг минь луйвардсанаас хойш 7 жил бид гэр оронгүй явж байна”

2021-09-29

Дахин төлөвлөлтөд хамрагдан газраа чөлөөлж өгсөн 184 иргэн 2013, 2014 оноос хойш гэр оронгүй болж, түрээсийн байр хэсэж амьдрах болжээ. 184 өрхийн төлөөлөл болсон иргэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “Э.Бат-Үүл одоо Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж байгаа нь үнэхээр ёс зүйгүй хэрэг. Бидний асуудлыг шийдэж өгчихөөд нэр дэвшээч ээ” хэмээн ярьж байлаа.

Тухайн иргэд нь Жи ди, Их өргөө, Grandline зэрэг компаниудын хохирогчид юм.

Иргэд ийнхүү ярив:

-2014 оны зургадугаар сараас хойш газрыг минь чөлөөлж авчихаад, айлаас айл, түрээсийн байр хэсэж, орон гэргүй явж байна.Хохирсон 184 иргэний нэг нь би байна. Долоон жил шүүх, цагдаагаар яваад үнэхээр цөхөрч байна.

Э.Бат-Үүл хүү Э.Чулуудайтайгаа нийлээд иргэдийг хохироож байна. Одоо Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гээд явж байна, яасан ч ичдэггүй юм.

-БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн миний ах  “Grandline” компанитай 2013 оны наймдугаар сарын 23-нд гэрээ хийж, “Grandline” компани нь 2020 онд шүүхээр буруутай нь тогтоогдсон. Миний ах өөрөө харваж, хэвтэрт орсон. Нэр дэвшээд, дахиад тэр хүүхдээрээ дамжуулаад, олон хүний газрыг луйвардаж, хог дээр гаргах уу? 12 дугаар хороонд 48 өрх орох оронгүй болсон. Байртай болгоно, удахгүй баригдана гээд л яваад байдаг. Шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байгаа юм уу, ойлгохгүй байна.

“Сонгинохайрхан дүүргийн иргэд намайг үнсэж угтдаг” гэж ярьж байна лээ, одоо өндгөөр л угтая даа.

-Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороог төлөөлөн ярьж байна. Би өөрөө “Жи ди” компанийн хохирогч.  Одоо 184 айл нь ямар ч орон гэргүй, найман жил болж байна. Э.Бат-Үүл доромжилж байгаа юм шиг Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ гэж байна. Ганцхан Сонгинохайрхан дүүрэг биш Баянзүрх дүүрэгт ч олон хүн хохирсон. Энэ асуудал шийдэж өгчихөөд нэр дэвших хэрэгтэй. Ийм цагаандаа гарчихсан байж болохгүй. Э.Бат-Үүлийг Сонгинохайрханчууд үнсэж угтана гээд байдаг, үгүй шүү, өндгөөр угтана.

Холбоотой мэдээ