Гологдож явсан хүү, гайхамшигт амжилт бүтээгээд зодог тайлав

Монголын нэгэн том бахархал болсон залуу Японы мэргэжлийн сумо бөхөд түүх бүтээгээд зодог тайлж байна. Энэ бол 36 настай Хакухо хэмээх М.Даваажаргал. Монгол үндэстний бахархал болсон Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны хүү тэрбээр ойр мөддөө эвдэгдэхээргүй агуу амжилтыг 127 сая гаруй хүнтэй Япон улсын мэргэжлийн сумо бөхөд тогтоосон билээ. 16 настай жаахан хүү байхдаа мэргэжлийн сумо бөхийг зорьсон түүнийг сумогийн дэвжээнүүд голоод аваагүй хэмээдэг. Сумо бөхөд монгол залуусын түүчээ болсон Д.Батбаяр буюу Кекүшюзан түүнийг Монголын их аваргын хүү хэмээн Миягино багшид нь танилцуулж, дэвжээндээ авахыг гуйгаагүй бол Хакухо өнөөдрийн энэ том амжилтын эзэн болохгүй байхсан.

1000 жилийн түүхтэй сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёрхон аварга байдаг бол 45 түрүүлсэн бөх хэзээ ч байгаагүй нь Хакухо. Тэгэхээр түүний амжилтыг давтах бөх ирээдүйд төрнө гэдэгт ч итгэхэд бэрхтэй юм.

Өнгөрсөн 7 дугаар сарын Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давж 45 дахь удаагаа цом билээ.

Хакүхогийн хувьд Ковид-19 болон өвдөгний бэртлийн улмаас 6 башё дараалан бүтэн барилдаж чадаагүй байснаа тийн түрүүлсэн. Гэвч энэ 9 дүгээр сарын башёд дахин барилдаж чадаагүй. Тэгээд ч Токиогийн олимп хүртэл барилдахаа амлаж байсан түүний амлалт биелсэн билээ.

Тиймээс ч ийнхүү зодог тайлах шийдвэр гаргасан биз ээ.

Дай Ёкозуна цол авснаасаа хойш 15 жил зүтгэж, 45 удаа цом өргөсөн түүнд түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болсон хэмээн тэрбээр хамгийн сүүлд түрүүлчихээд ярьсан. Тэрбээр тэрхүү 45 дахиа түрүүлсэн башёг тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч, Монгол Улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, “Токио-1964” олимпод монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга – аав Мөнхбатдаа зориулснаа хэлж байлаа.

Японы мэргэжлийн сумо бөхөд өөрийн гэсэн дэвжээтэй болох мөрөөдлөө биелүүлэхээр тус улсын иргэншил авсан хэдий ч тэр бол Монгол хүү, монгол аварга. Түүний аавын хэлснээр “Аварга аваргаараа төрдөг” буюу.

Дөнгөж 22 насандаа аварга болж бүхэл бүтэн 14 жил мэргэжлийн сумогийн бүх л оргил амжилтуудыг эвдсэн агуу бөх өнөөдөр ийнхүү зодог тайлахаар шийдлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn