
Цар тахлын дэгдэлт байж болох дээд хэмжээндээ хүрсэн энэ өдрүүдэд хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантай болж өнгөрсөн “Dijital nation 2021” арга хэмжээний талаарх хэл ам тасрахгүй байна. Олон хүнээр парк дүүргэж, халдвар тархах эрсдэл үүсгэсэн, Засгийн газар өөрийн дүрэм журмаа зөрчсөн зэрэг нь одоо хэр тасрахгүй байгаа олны дургүйцлийн гол шалтгаан.
“Dijital nation 2021” арга хэмжээ нэрээ л өөрчилсөн болохоос 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй мэдээллийн технологийн салбарынхны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг томоохон арга хэмжээ. ICT expo өмнө нь “Мишээл экспо”, Сүхбаатарын талбайд ажил хэрэгч болдог байсан бол өнөө жил МХХТГ (Мэдээлэл, харилцаа холбоо,технологийн газар)-аас Засгийн газрын томоохон зорилт болсон “Dijital nation 2021” арга хэмжээтэй уялдуулж, цар тахлын үед шоу хэлбэрт оруулснаараа онцлог. Чухам энэ нь хэл амны бай болох үндэслэл болов. Дээр нь “Dijital nation”-ийг хийж болох,болохгүй талаар УОК, НОК-ийнх нь шийдвэр зөрж, бухимдал дээр бухимдал нэмлээ.
Мөн уг арга хэмжээг шоу болгоход Соёлын яам ихээхэн хүчин чармайлт гаргаж, тэр байтугай Соёлын сайд Ч.Номингийн найз Ж.Энхжаргалынх нь BRB компаниар өндөр үнэтэй дрон шоу хийлгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлагыг төрүүлэв. IT компаниудтай гэрээ хийхдээ мөнөөх л BRB компанитай хийсэн нь ч тус салбарынхнхны гайхалыг төрүүлжээ.
BRB компанийн захирал Ж.Энхжаргал “Дроны шоуг зохион байгуулахад улсаас нэг ч төгрөг аваагүй. Ивээн тэтгэгч нарын төлбөрөөр хийсэн ажил. Гэхдээ энэ бол хямдхан шоу биш. Дэлхий дахинд ч маш үнэтэй зохион байгуулагддаг. Гэвч бид Монголдоо дэлхий дахинд явагддаг үнийн тарифаас 40-50 хувийн хямдралтайгаар энэ үйлчилгээг үзүүлье гэсэн бодолтой байсан” гэж хэвлэлд ярьжээ.
Харин “Dijital nation 2021”-г зохион байгуулахад оролцогчдоос авсан зардлын тайлангаа тавиагүй байгаа аж. Өнөө жилийн арга хэмжээнд оролцогчид өмнөх жилүүдээс хэд дахин өндөр төлбөр төлсөн учир тайлан тавихыг хүлээж байгаа ажээ. Өмнө нь Startup компаниуд зохион байгуулалтын зардалд 300-500 мянган төгрөг төлөөд л хангалттай түвшинд оролцдог байсан бол энэ жилийн “Dijital nation”-ий доод хураамж 5 сая төгрөг болж өсчээ. Стратегийн ивээн тэтгэгч 150 сая, ерөнхий ивээн тэтгэгч 100 сая, ивээн тэтгэгч 50 сая төгрөг болж өссөн бөгөөд нийт 120 оролцогчоос лав 2 тэрбум төгрөг цугларсан байна. Цар тахлын үед “Dijital nation”-ий зардал яагаад ингэж өссөнд оролцогчид гайхаж байгаа аж.
Эдийн засгийн цусны эргэлт саарсан энэ үед их мөнгө төлж орох бэл бэнчин компаниудад дутмаг байсан ч нэгд, уламжлал болсон арга хэмжээ, хоёрт, төрийн байгууллага (МХХТГ)-ынхаа шавдуулалтыг эсэргүүцэлгүй арга буюу хүчээр оржээ.
Эцэст нь ийм их хэл ам дагуулсан, ийм их зардалтай арга хэмжээ чухам хэнд ашигтай байсан бэ гэдэг асуулт тавигдаж байна.