
Монгол Улсын УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэсэн заалт бий.
Тэгвэл өнөөдрийн байдлаар тэдгээр хүмүүсийн дөнгөж 22.6 хувь нь торгуулийнхаа 50 хувийг төлсөн байгаа бол 77.4 хувь буюу 2,290,049 хүн 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байгаа аж.
Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгох шийтгэлийн төлбөрийнхөө 50 хувийг төлж барагдуулаагүй иргэд өршөөлд хамрагдах боломжгүй болж, торгуулиа бүрэн төлөх шаардлагатай болох юм хэмээн Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Мөн Өршөөлийн хуульд зөвхөн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний 00:00 цагаас өмнө зөрчил үйлдэн торгуулсан бол торгуулийн 50 хувийг хөнгөлж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Өршөөлийн хуульд тодорхой хугацааны торгуулиуд хамаарч байгаа бөгөөд smartcar.mn дээр дүн нь 50 хувь хөнгөлөгдсөнөөрөө гарч байгаа. Жолооч нар аравдугаар сарын 1-н хүртэл торгуулсан бол бүгд 50 хувь хөнгөлөгдөнө гэж ташаа ойлгох нь элбэг байна.
Жолооч та 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-н хүртэл хугацаанд торгуулсан төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг аравдугаар сарын 1-ний өмнөөс төлсөн тохиолдолд үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой байгаа” хэмээсэн юм.