• Энэ өдөр Чингис хаан төрөөгүй,гэхдээ Монголоороо бахархаж болно

    Өнөөдөр аргын тооллын 11 дүгээр сарын 16. Харин билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэн. Энэ өдрийг Монгол улсын дөрөвдэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр хэмээн зарлигдсан. Энэ жил ес дахь удаагаа Монголчууд тэмдэглэж байна.

    Монголчууд бахархлын өдөртэй байх нь зүйн хэрэг. Гэхдээ буруу тогтоосон өдөр баярлаад байгаа нь харамсалтай. Чингис хаан энэ өдөр төрөөгүй.

    Яагаад гэж үү. Бидний аав, ээжийн үеийнхэн хүртэл 70-80 жилийн өмнөх төрсөн өдрөө яг таг мэддэггүй юм шүү дээ. Гэтэл тэртээ 850 гаруй жилийн өмнөх Их хааны төрсөн өдрийг нэг хэсэг хүн тогтоогоод түүнийг нь хуульчлан зарлигдчихсаныг буруутгах хүн олон.

    Түүхч Б.Батсүрэн “Дорнын нэг нэрт сэтггэгч, улс гүрний яаж явах нь хууль цаазаас бус харин шүтээн бэлгэдэлээс нь ихээхэн хамаардаг гэж хэлсэн байна лээ. Их хааныхаа төрсөн өдөр, газрыг буруу тогтоож тахиж шүтээд байвал тэнгэрт байгаа өвөг дээдсийн сүнс бидэнд яаж ивээлээ хайрлах вэ дээ. Тиймээс Монгол улс хөгжиж өндийхийн тулд эн тэргүүнээ төр ёсны бэлгэдэл, ард түмний туйлын ганц шүтээний асуудлыг маш зөв, хуучны байдалд нь их дөхүүлж сэргээх нь үнэхээр эрхэм чухал үйл мөн. Харин хэдхэн хүний амбицийн тоглоом биш шүү, тэгээд ч их хааны төрсөн өдрийг нэг ерөнхийлөгчид хэдэн нэр өндөр эрдэмтэн нар хэлж зарлиг гаргаснаар тэмдэглэнэ гэж лав байхгүй” хэмээн бичжээ.

    Тэгвэл Чингис хааны төрсөн өдрийг Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж заадаг сурвалж бичгүүд нь “Болор толь”, “Хөх түүх” гэх мэтийн зохиолууд. Эдгээр нь гадны нөлөө (төвд, манж) хэт орсон Их хааныг солонго татуулан, бороо оруулсаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэдэг.

    Тэгвэл Их хааныг зун, тэр тусмаа “зуны эхэн сарын шинийн 16-ны Улаан тэргэл өдөр” төрсөн болохыг “Судрын чуулган”, “Лу.Алтан товч” зэрэг дээрх нэр бүхий сурвалжуудаас эртний сурвалжуудад өгүүлжээ. Эхнийх нь Чингис хааны залгамжлагчдын байгуулсан улсын төрийн албан түүх, хоёр дахь Монголын нууц товчоог монгол хэлээр бичигдсэн болохын цорын ганц нотолгоо болгон үздэг сурвалж. Эндээс ямар дүгнэлт хийх ёстой вэ.

    Манж, төвд үзэл нэвт шингэсэн “Болор толь”-д зөв бичиж үү, “Судрын чуулган”-д зөв бичсэн үү.

    Өвөл Их хаан төрсөн гэж тогтоосон судлаачид зун мал туранхай учраас дайтдаггүй хэмээх хачин тайлбар хийсэн. Гэвч МНТ-нд зун цагт дайтаж ялсан тухай бичиглэсэн нь бий. МНТ-ны 193-р зүйлд тугаа тахиад, байлдахаар мордсон тухай өгүүлсэн.

    Тэгэхээр эрхэм судлаачдын тогтоосон өдөр Их Чингис хааны төрсөн өдөр биш нь эх болгосон сурвалжуудын тэмдэглэл, жишээ болгосон тайлбар сэлтээс илт.

    Тиймээс Эзэн Чингис хааны төрсөн өдөр энэ өдөр биш. Өнөөдөр Монголоороо бахархаж болох ч Их Чингис хаан энэ өдөр төрсөн хэмээх нь хуурмаг зүйл гэдэг ойлгомжтой юм.

    Хүн нэг л өдөр төрдөгөөс биш жил бүр өөрчлөгддөг литээр төрсөн өдрийг тогтоосон нь ч буруу.

    Уг ёсондоо улс орныг хэрхэн яаж удирдах талаар эх түүхээсээ үлгэр жишээ авбал тэр улстөрч мундаг болох байтал эх түүхэндээ захиалгаар гар хөл хүргүүлж түүнийгээ бүр зарлигддаг улстөрчид хэрэггүй. Өөрөөр хэлбэл улстөрчдийн захиалгаар түүхийг эдүгээчлэх нь буруу.

    Гэхдээ Монголчууд бахархлын өдөртэй байхыг үгүйсгэсэнгүй. Харин тэр өдрөө зөв өдрийг олж тогтоож байж баярын өдөр болгох нь зүйтэй.

    /Илүү ихийг бичиж болох ч энэ удаа үүгээр дуусгая. Түүхч нөхдийн бичиглэсэн өгүүлэл сэлтээс эш авав/

    2020 оны 11 дүгээр сарын 16

    О. Ганхуяг

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ