
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью Йорк хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцож, эх хэлээрээ үг хэллээ.
Тухайлбал, 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болохыг зорьж буй талаараа мэдэгдлээ.
Дэлхийн хөгжлийн хандлага, “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөртэй уялдуулан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг Монгол Улсын Их Хурлаас баталсан.
Цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өсч байсан манай улсын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.5 хувиар агшсан.
Дотоодын эдийн засгийг дэмжих шат дараатай арга хэмжээ, эдийн засгийн гадаад таатай орчны нөлөөгөөр манай улсын эдийн засаг сэргэж, 2021-2022 онуудад дунджаар 4.5 хувиар өсөх төлөвтэй байна.
Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар зонхилсон Монгол Улсын эдийн засаг нь аливаа эрсдэл, гамшгийн эсрэг эмзэг, дархлаа сул хэвээр байгаа тул цар тахлын дараа бүтцийн шинэчлэл хийх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, төсвийн болон санхүүгийн тогтвортой байдлыг чанд хадгалах зэрэгт онцгой анхаарч байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт цар тахлын үед болон түүний дараа хөгжиж буй орнуудад чухал үүрэгтэй хэвээр байх болно.
Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн суурь зорилт хэвээр байх болно.
Бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй урьд урьдынхаас илүү идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, уламжлалт амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтална.
Монгол Улс 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болохыг зорьж байна.