У.Хүрэлсүх: Вирусийн тархац буурах хандлагатай байгаа тул хэвийн амьдралын горимд шилжиж эхлээд байна

2021-09-23

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью Йорк хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцож, эх хэлээрээ үг хэллээ. Цар тахлын нөхцөл байдал болон Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ийнхүү ярив:

Хүн төрөлхтний аж амьдрал КОВИД-19-ийн өмнөх болон дараах үе гэж хуваагдах нь тодорхой боллоо.

Монголчууд өвдөж зовсон нэгнээ ялгаварлан гадуурхах биш харин энэрч хайрлах ёстой гэдэг ёс суртахууныг номлодог. Энэ нь өвчин зовлон хүнийг арьс өнгө, баян ядуугаар нь ялгадаггүй гэсэн утгатай юм.

Бүс нутагтаа ардчиллын “Баян бүрд” гэж нэрлэгддэг Монгол Улс хөл хорионоос үүдсэн хүний эрхийн асуудлыг анхааралтай ажиглаж байна.

Бид бие биенийхээ соёлын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж, ололт амжилт, алдаа дутагдлаасаа харилцан суралцах нь цаашид тулгарч болох сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахад чухал ач холбогдолтой.

Эрүүл мэндийн салбарт эрсдэлийн удирдлага, бэлэн байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, өндөр технологи, шинэлэг арга барилыг шуурхай нэвтрүүлэх асуудал тулгамдаж байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөрөөс гадна бусад улс орны  тусламж дэмжлэг, Засгийн газрын худалдан авалтын үр дүнд хүн амынхаа 65 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа.

Вирусийн тархац өндөр байгаа ч буурах хандлага ажиглагдаж байгаа тул манай Засгийн газраас хэвийн амьдралын горимд шилжих алхмуудыг шат дараатай эхлүүлээд байна.

Цар тахлын улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар, олон улсын худалдаа 5.3 хувиар тус тус агшсан ч 2021 онд тодорхой сэргэлт үзүүлэх хандлагатай байна.

Цар тахлын үед зайн оношилгоо, эмчилгээ, цахим сургалт, зайнаас ажиллах гэх мэтээр өргөжин тэлж хөдөлмөр зохион байгуулалтад шинэ хэлбэр, дүр төрхийг олж байна.

Дэлхий нийтэд тулгараад буй олон сорилтыг зөвхөн бэрхшээл бус, харин хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэх, орон зайг үл хамааран үр дүнтэй ажиллах боломж хэмээн харвал сэргэн хөгжих бололцоотой гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Холбоотой мэдээ