Иргэдэд таалагдаж буй улс төрчдийн жагсаалтад Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар нар багтжээ

“МЕК” ХХК судалгааны төвөөс есдүгээр сарын улс төрчдийн рейтинг судалгааг танилцууллаа. Судалгааны мэдээллийг есдүгээр сарын 14-16-ны хооронд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.

Үйл ажиллагаа нь таалагдлаг улс төрчид дотор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гадна БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын нэр шинээр орж иржээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хувьд МҮИС болон МУИС-ийн нэрийн маргаан дээр хатуу байр сууриа илэрхийлэхийн сацуу хоёр жил гаруй хугацаанд тасалдаад байсан танхимын сургалтыг эхлүүлснээрээ тус жагсаалтад багтжээ. Мөн Рио Тинто болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг тэргүүлсэн гэх утгаараа Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг иргэд сонгосон гэж тус байгууллагын захирал Л.Золбаатар онцоллоо.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, нийт санал өгсөн иргэдийн 20 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гадна Хууль зүйн сайд Х.Нямбаатар мөн адил иргэдэд таалагддаг болон таалагдадгүй улс төрчдийн жагсаалтад хоёуланд нь багтаж байгаа гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn