“БНХАУ цаашид ч Монголд вакцины дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна”

2021-09-17

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.


Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмдэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаа. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд Хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа илэрхийлэв.
Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Энэ онд ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • өнөөдөртөө манай улсад вакцины болоод эдийн засгийн тусламж хэрэг алга юм шиг санагдах юм. Харин мөнхийн түнш БНХАУ цөөхөн монголчуудын гадаадаас худдалдан авсан барааг нутгаараа тээвэрлэх асуудлыг саатуулалгүй хийж өгөөд, монгол улсаас БНХАУ-ын иргэд, компаниудынхаа худалдаж авсан нүүрсийг саадгүй татаад авчихвал ямар ч тусламжаас илүү ач тус болохоор байх юм.Өмнө нь  БНХАУ, өнөөдөр хуримтлагдсанаас илүү олон ачааг Тянижинь боомтоос монгол руу, Монгол улсаас БНХАУ-ын иргэд, компаниуд нь худалдан аваад БНХАУ руу ачиж буй  35-39 сая тонн хүртлэх нүүрсийг хилээрээ хүлээж аваад болоод л байсан. 

Холбоотой мэдээ