Алтанбулаг боомтод хүнсний бараа,бүтээгдэхүүн ачсан 38 машин хоносныг гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр нэвтрүүлжээ

2020-11-12

Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Дурьдсан хугацааг хүртэл Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөн халдваргүйжүүлэлтийн өндөржүүлсэн дэглэмийн дор хэвийн үргэлжилж, хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна.

Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачилт хийлгэж гаалийн бүрдүүлэлтийг хийж байхаар төлөвлөж байна.

Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх, Ульхан боомтуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ.

БНХАУ-тай хил залгаа бусад боомтуудын экспорт, импортын үйл ажиллагаа тус тус гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу хэвийн явагдаж байна. Нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, баяжмалын экспорт Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ховдын Булган, Дорноговийн Замын-Үүд, Хангийн боомтоор хэвийн хийгдэж байна.

Дархан, Орхон аймаг дахь гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, гаалийн бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын салбаруудаар эм, тариа, хүмүүнлэгийн бараа, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэх бүрдүүлэлтийн үйл ажилагаа хэвийн үргэлжлэх болно.

Буянт-Ухаа ГГ – хэвийн ажиллаж байгаа, MGL3136 аяллын дугаартай Берлин-УБ чиглэлийн ачааны онгоц УБ-д 2020.11.12-ны өдрийн 11:10-д бууна, харин MGL7235 аяллын дугаартай Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ачааны онгоц 2020.11.12-ны өдрийн 12:10-аас Гуанжоу руу ниснэ

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ