• ФАТФ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад захидал илгээж, баяр хүргэлээ

    Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер  тус байгууллагын 2020 оны аравдугаар сарын 23-ны өдрийн чуулга уулзалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын “Саарал жагсаалт”-аас гаргахаар шийдвэрлэснийг албан захидлаар мэдэгдэж, баяр хүргэжээ.

    Тэрбээр захидалдаа “Цар тахлын хүнд хэцүү цаг үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, дутагдлыг арилгах чиглэлээр дараах гол арга хэмжээг авч хэрэгжүүлснийг ФАТФ-аас сайшаан үнэлж байна. Үүнд:

    1. Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулж ажилласан;
    2. Тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлсэн;
    3. Хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээг авсан; (4) хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулснаас гадна санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ авах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авсан.

    Иймд Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, цаашид тогтвортой хэрэгжүүлэхээр байгааг газар дээрх хяналт шалгалтаар баталгаажуулсны үр дүнд Монгол Улсыг ФАТФ-ын хяналтаас гаргахаар шийдвэрлэлээ.

    Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийн талаар болон ФАТФ-аас Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах тухай шийдвэрийг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийтэлсэн болно. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог улам бэхжүүлэн ажиллаж байгаа явдалд дахин баяр хүргэе” гэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ