
Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасантай холбоотойгоор тус холбооноос мэдээлэл хийж байна.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, тамирчны сахилга хариуцлага алдсан гэж Боксын холбоо үзжээ.
Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч багш н.Энхтөр:
Мундаг гавъяа байгуулдаг тамирчин ч гэсэн олон удаа ёс зүйгүй үйлдлийг зүгээр орхиж болохгүй. Тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх шаардлагыг багш, дасгалжуулагч нар тавьдаг.
Өндөр зэрэглэлтэй тамирчинд арга хэмжээ авч чадахгүй мөртлөө бага залуучуудыг загнаад байж болохгүй.
Ямар ч гавъяат, Хөдөлмөрийн баатар бай хариуцлагаа хүлээх ёстой.
Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагт согтууруулах ундаа уугаад зодоон хийгээд явж байж болохгүй. Дэлхийн аваргын тэмцээнд орох гэж байж согтууруулах ундаа уугаад, бэлтгэлийн формоо алдагдуулах нь байж болохгүй зүйл.
Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган:
Боксчин хүн сахилга баттай, өрсөлдөгчөө хүндэлж байж амжилт гаргадаг. Дэлхийн аваргын өмнө согтууруулах ундаа уугаад, бэлтгэлээ алдаад явж болохгүй. Нэг мундаг тамирчнаа алдах гэж байна гэж ярьж байна. Спортод тийм зүйл байхгүй, нэг тамирчин нь байхгүй боллоо гэхэд дараагийнх нь бэлтгэгдээд хүлээж байдаг.