С.Дулам:Монгол хэлний ёгт, ёж, егөөдөл утгыг ойлгохгүй, шууд утгаар нь ойлгоод омог, сүр нь бадрах юм

2020-11-10

Өнгөрсөн долоо хоногийн  халуун сэдэв монгол хэлний зөв бичгийн дүрэм  өөрчлөгдсөн үү гэдэг сэдэв байв. Хэл шинжлэлийн судлаачид, эрдэмтэд 1983 онд зохиосон Академич Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичгийн дүрэм  өөрчлөгдөөгүй гэх тайлбарыг өгсөн.

Монгол хэлний зөв бичгийн дүрэм өөрчлөгдлөө гэх асуудал байс гээд л гардаг. Ингэх бүрд  эрдэмтдийг дүрэм өөрчлөөд төрөөс мөнгө авдаг гэх хардалт гарах нь бий.

Энэ асуудалд  Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн,  Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам тайлбар хийж, ийн ярьжээ.

Дэлхийн бүх хэлэнд энэ үгийг яаж бичих вэ гэдэг маргаан байдаг.  Монгол үгсийн журамлсан толь бичиг гэж гаргасан. Үүнд хэл бичгийн шинжлэх ухааны 20 гаруй  эрдэмтэн мэргэд саналаа нэгтгэж оролцсон.  Академич Ц.Дамдинсүрэн гуайн  1983 онд зохиосон монгол хэлний зөв бичгийн дүрмийн толийг баримталж, журамлан Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажуулсан. Үндсэндээ  хууль болчихсон юм.

Хүмүүс шавьж гэж байсныг шавж болгож өөрчлөөд эрдэмтдийг мөнгө аваад сууж байдаг гэж хардаад байгаа юм. Нөгөө нэг үг нь цоморлиг гэж бичиж байсан үг өнөөдөр яагаад цоморлог болчих воо гэж гайхаад байна.

1983 оны Ц.Дамдинсүрэн, Осор нарын толь бичигт өнөөдрийн журамласан толиор шавьж гэдгийг шавж, цоморлиг биш цоморлог гэж бичнэ гээд оруулчихсан байгаа.

Өөрөөр хэлбэл, 1983 оноос хойш юу ч өөрчлөгдөөгүй. Өөрсдөө буруу бичээд сурчихсан. Тэгээд зөвийг нь сэргээн сануулахаар зөв бичгийн дүрэм өөрчилж, биднийг мөнгө аваад байна гэж хардаад байх юм.

Олон хүнд оюуны залхуурал байна. Нэг үгээр хэлэхэд,  толийг эргэж сөхөж хардаггүй. Өөрөө буруу бичээд сурчихсан.   Түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Зөвийг нь сануулахаар загнаад байдаг.

Монгол хэлний  ёгт, ёж, егөөдөл утгыг ерөөс ойлгохоо больсон байна.  Шууд утгаар  нь ойлгодог болж. Цааш нь жаахан ухаж ойлгох юмыг шууд утгаар нь ойлгоод омог, сүр нь бадрах юм.

Энэ юутай холбоотойг мэдэхгүй. Уран зохиол, аман зохиол дээр их тохиолдож байна.

Бүх зүйлийг толь шиг байгаагаар нь хэлж бай гэх гээд байгаа юм уу. Уран зохиолд шууд хэлэх боломж байхгүй. Өөрөө ёгт хэл. Ёгтолж ч хэлэх ёстой, ёгт утгатай, ёгтоор нь  хэрэглэх ёстой. Түүнийг бид зохиогоогүй. Сэцэн билэгт ард түмэн зохиосон зүйлийг бид өөрчлөх эрх байхгүй.

Амсаад шууд залгих хоол өгөө ч гэдэгтэй л адил төсөөтэй юм болоод байна. Багахан ухаж ойлгох, эргүүлж тойруулах  чадваргүй гэх үү сэтгэлгүй гэх үү нэг тийм сонин байдалд орчихсон байна.

Судлаачид зохиогчийн бүтээлийг өөрчлөх эрхгүй. Тэр тусмаа хэн нэгэн хүнд тааруулж өөрчлөх эрх бүр ч байхгүй. Аман зохиолын бүтээлийг хэн нэгэн омогтой хүнд тааруулж цагаан болгох эрх байхгүй. Гэтэл үүнийг жаахан ухаж төнхөөд ойлговол гүн гүнзгий утга, нарийн эрдэм тодордог зүйл.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ