Хүүхдээ дагуулаад, хүйтэнд дөрвөн цаг дугаарласан ч шинжилгээ өгч чадалгүй буцаж байна

2021-09-08

ХӨСҮТ-ийн гадна PCR  шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд өглөөний 09:00 цагаас хойш хоёр цаг ойчирлосон ч шинжилгээ өгч чадалгүй, хаалга мөргөөд буцаж байна. Тус төв нь гадаад оронд зорчигч иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс өдөр бүр 09:00-12:00 цагийн хооронд PCR шинжилгээг үнэгүй авдаг. Хувийн лабораторид 98 мянган төгрөгөөр авч байна.

Мөн иргэдэд мэдээлэл өгөхдөө 09:00-14:00 цагийн хооронд шинжилгээ авна гэж байгаа ч бодит байдал дээр 09:00-11:00 цагийн хооронд авч байна гэв.

Хичээл, сургууль орж эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт дугаарлаж, мөн л 3-4 цаг зогсоод шинжилгээ өгч чадалгүй буцаж байна.

Иргэд ийнхүү ярьж байна:

-Нэг хүн 90 мянган төгрөгөөр шинжилгээ өгөх боломж байхгүй, цалин нь хүрэхгүй. Эрсдэлтэй гээд гэртээ байхаар ажилгүй, цалингүй, дээрээс нь эм, тариагаа өөрсдөө авч байна. Би 09:00 цаг ирээд ойчирлосоор байгаад урдуураа таслуулж байна. Хэн шинжилгээ өгч байгаа нь мэдэгдэхгүй байна.

-Би өглөө 07:30-д ирээд дөрвөн цаг ойчирлож байна. Өнөөдөр ажлаасаа чөлөө аваад шинжилгээ өгөхөөр ирсэн. Маргааш дахиад ирнэ гэхээр ажлаас чөлөө өгөх эсэхийг мэдэхгүй байна. Шинж тэмдэг илэрчихсэн болохоор хүмүүсийн дунд зогсоод байх хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байна.

-Хүмүүс гадаа нь ойчирлож байхад машинтай хүмүүс шууд ороод гарч байна. Ажилчид нь байдаг юм уу, шинжилгээ өгөөд гараад байдаг юм уу мэдэхгүй байна.

-Өнөөдөр 09:00 цаг гэж ирэхэд сорьц нь дуусчихсан, шинжилгээ авахгүй гэж байна. Би хоёр дахь өдрөө ирж байна.

-Ирсэн хүн болгоноос шинжилгээ авч байх хэрэгтэй. Цагийн хязгаартай байхаар бөөгнөрөл үүсэж байна.

Холбоотой мэдээ