• ХӨСҮТ-ийн сувилагч коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ

    2020-11-06

     ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, 2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүний сорьцод коронавирус илэрсэн аж.

    Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд,аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн  19 настай эрэгтэйгээс, COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан ХӨСҮТ-ийн  багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

    “Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг юм. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна” гэлээ.

     Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс тандалт ажиглалт нь дууссан 310 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 3 хүн, сувиллын ажиглалтад 1 хүн байна.

    Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 42 хүн эмчлэгдэж байна. Өвтөнүүдээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр, 37 хүний биеийн байдал хөнгөн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ