
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан халдвар хамгааллын журмыг хэрэгжүүлэх талаар УОК-ын удирдлагууд мэдээлэл өглөө.
УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүүгийн мэдээлснээр, сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг дүүргийн Онцгой комисс хариуцан хийжээ. Вакцинжуулалтын тухайд 12-17 насны хүүхдүүдийн 90 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна.
УОК-ын Шуурхай штабын зүгээс сургууль,цэцэрлэгийн орчимд халдвар хамгааллын талаар баримтлах журмыг хэрэгжилтийг сахиулах, дэглэм мөрдүүлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн үeд авах арга хэмжээний талаар зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байгаа аж.
Мөн сургууль цэцэрлэгийн орчинд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, халдварын дэглэм баримталж буй эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа.
Хүүхдүүд л учраас халдвар хамгааллын дэглэмийг тэр бүр нарийн чанд сахин мөрдөж чадахгүй. Сургууль, цэцэрлэгийн орчинд амны хаалтаа авах, олуулаа цуглаж тоглох, гар дээрээс идэх зүйл худалдан авах зэргээр халдвар хамгааллын дэглэм алдагдана. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиулахад мэргэжлийн байгууллагын ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхийн зөвлөлийн оролцоо, хамтын хяналт чухал үүрэгтэй. Хичээлийг тасалдуулахгүйн тулд хаана хаанаа хичээж ажиллах хэрэгтэй гэлээ.