Б.Солонго:”Рио Тинто” нэмэлт  350 сая ам.доллар төлсөн ч арбитрын шүүх дээр очсон татварын маргаан үргэлжилнэ

“Рио Тинто” групп болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнгийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний өгсөн мэдээллээс харвал хэлэлцээрийн үр дүн урагштай байгаа аж.
“Рио Тинто” группын зүгээс гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйж, “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойгоо илэрхийлжээ.
Монголын Засгийн газрын эзэмшиж буй, “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар зөвлөлдөхийг Ерөнхий сайдад ирүүлсэн захидалдаа дурдсан байна. Мөн Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, 34 хувьд ногдох 2.3 орчим тэрбум ам.долларын Засгийн газрын өрийг бууруулах, энэ ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
“Оюутолгой” урд хөршөөс цахилгаан авахаа зогсоож, дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх санал ч нааштай гэнэ.
Цаашид хэлэлцээр 2-3 жил үргэлжлэх бөгөөд төслөөс хүртэх Монгол улсын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллаж буйгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцоллоо.
Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго “Оюутолгой” компанид хяналт тавьж ажиллах ёстой гэлээ. “Эрдэнэс Оюутолгой” компанид “Оюутолгой”-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа гаргажээ. “Оюутолгой” компани эхлээд ил уурхайд зардлаа, дараа нь гүний уурхайн зардлаа нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтрүүлжээ. Уг зардалд санхүүгийн аудит хийлгэх гэж байгаагаа дэд дарга Б.Солонго тайлбарлав.
Лондоны Арбитрын шүүхэд очсон татварын маргаан цаашид ч үргэлжлэх аж. “Рио Тинто” групп нэмэлт 350 сая ам.доллар төлсөн ч уг маргаан үргэлжлэх аж.
Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт сөрөг нөлөө үзүүлсэн байна. Энэ алдаагаа ухамсарлаж, манай талд төлөх ногдол ашгийг Рио Тинто урьдчилан төлөх санал тавьжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn