
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт авлигыг бууруулах чиглэлээр Засгийн газар манлайлал үзүүлэн ажиллана гэдгээ хэлсэн. Үүний дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг ажлын хэсгийг баталжээ. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж, салбар бүрийн төлөөлөл болсон 15 хүнийг багтаасан байна.
Монгол Улс “Трансперенси интернешнл” олон улсын байгууллагаас гаргасан авлигын индексээр дэлхийн 180 улсаас 111-т жагсаж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газраас хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүллээ.
Энэ зунд багтаан авлигыг бууруулахтай холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна. Эрүүгийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Мөн Шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.