• Г.Баттогтох:Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичих дүрэм огт өөрчлөгдөөгүй,хүмүүс буруу бичээд хэвшчихсэн зуу хүрэхгүй үг л бий

    2020-11-09

    Монгол хэлний зөв бичгийн дүрмийн талаар Монгол хэлний багш, судлаач Г.Баттогтохтой ярилцлаа.

    -Бид өнөөдөр хэзээнээс мөрдөгдөж эхэлсэн зөв бичгийн дүрмийг хэрэглэж байгаа вэ? 

    -Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй. Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв  Хорооны Тэргүүлэгчдийн 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрийн хамтарсан хурлаар Орос үсэгт үндэслэсэн 35 үсэгтэй кирилл үсгийг баталж, түүнийг бичих, хэрэглэх урьдчилсан дүрмийг долоо хоногийн дотор боловсруулж гаргасан байдаг. Цаашлаад “Ард түмэнд зарлаж, цагаан толгой, сурах бичгийг бэлтгэн гаргахыг Шинжлэх ухааны хүрээлэн, Ардыг гэгээрүүлэх яаманд даалгаж, бага сургуулийн 1, 2 дугаар ангид 1942 оноос эхлэн бүх хичээлийг шинэ үсгээр явуулсугай” гэсэн тогтоол гаргаж байсан.

    Дэлхийн хоёрдугаар дайн уг бодлогын хэрэгжилтэд нөлөөлж сунжирсаар “1945 оны тавдугаар сарын 18-нд болсон Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв Хорооны хамтарсан хурлаар бүх хэвлэл, улсын албан хэргийг 1946 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ үсгээр явуулсугай” гэсэн тогтоол гаргасан. Шинэ үсгийн анхны дүрэм 1942 онд хэвлэгдэж засвар орсон хоёрдугаар хэвлэл нь 1946 онд “Монгол үсгийн дүрэм” нэртэйгээр гарч байсан.  Шинэ үсгийн дүрмийг зохиох ажлын комиссын дарга нь Ю.Цэдэнбал гуай байв.  Дүрэм зохиох ажлыг голлож удирдсан хүн нь Академич Ц.Дамдинсүрэн гуай юм. Зөв бичгийн дүрмийг дагаж мөрдөх ажил үндсэндээ 1946 оноос жигдэрсэн. Эхэлсэн хугацаанаас нь тооцвол  79 жил, яг мөрдөж эхэлсэн хугацаанаас нь тооцвол 74 жил энэ зөв бичгийн дүрмийг дагаж мөрдөж байна.  Уг дүрэм огт өөрчлөгдөөгүй өнөөг хүрч ирсэн.

    ЭРГЭЛЗЭЖ БУЙ ҮГИЙГ ТОЛЬ БИЧГЭЭС ХАРЖ, ЗӨВ БИЧИЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ

    -Дүрэм огт өөрчлөгдөөгүй байхад нийтээрээ яагаад буруу бичсээр ирсэн юм бэ? 

    -1950, 1960, 1970-аад онд  өнөөдөр маргаад байгаа шиг монгол хэлний зөв бичгийн дүрмийн маргаан гарч байсан. Өгүүлбэр-үгүүлбэр, өмхий-үмхий гэх мэтчилэн хэд хэдэн янзаар бичдэг үг байсан.

    Эхэлсэн хугацаанаас нь тооцвол 79 жил, яг мөрдөж эхэлсэн хугацаанаас нь тооцвол 74 жил энэ зөв бичгийн дүрмийг дагаж мөрдөж байна. Уг дүрэм огт өөрчлөгдөөгүй өнөөг хүрч ирсэн.

    Тухайн үед зарим сурах бичигт үгийг хоёр, гурван янз бичсэнээс болоод хүмүүс нэг утгыг нь тогтоосонтой холбоотой өнөө ч маргасаар байна. Бид одоо энэ үгийг ингэж бичнэ гээд зөв бичгийн дүрмээ барьж шаардахаар “би ингэж бичээд сурчихсан, өөрөөр бичихгүй” гэсэн тайлбарыг тавьж байна. Гэхдээ хоёр, гурван хувилбараар бичиж байсан үг цөөхөн, зуу дотор багтана. Эдгээр үгийг л тогтоочих хэрэгтэй.  Би анхнаасаа ингэж сурсан гээд буруу бичсээр  байвал  Та л өөрөө хохирно.  Танай байгууллагаас явж буй албан бичиг л онцгүй болно. Түүнээс  биш Та буруу бичиж байгаагаас болж монгол хэл тэр чигээрээ мөхөх гээд байгаа зүйл огт байхгүй.

    Бас нэг зүйлийг хэлье. Зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөгүй гээд тайлбарлаж  байхад “манай Ардын багш, манай Гавьяат багш ингэж заасан. Би Та нарт итгэхгүй байна” гэж дайрч давшлах юм. Танай багш 1000 үгээс ердөө хэдхэн үгийг эндүүрч байсан заасан байж магадгүй. Тухайн цаг үеийн Боловсролын яам багшийг тань давтан сургаагүй байж мэднэ. Эсвэл танай багш үнэхээр муу багш байж таараад буруу заасан байж ч мэднэ. Гэлээ гээд буруутан хайгаад хэн хожих юм бэ? Ингэхээр “нийтээрээ, нэгэн үеэрээ буруу бичиж байна, үүнийг тайлбарла” гэж асууна. Зөв бичиж сурсан хүн тэр тоотой хэдэн үгийг алдаж бичиж буй хүнээс хавьгүй олон бий. Хэдхэн үгийг өөрсдөө буруу бичиж сурчхаад боловсролын тогтолцоо, хэл соёл  мөхөх гээд байгаа юм шиг хэтрүүлэн бодох ямар ч шаардлагагүй.

    -ХҮМҮҮСИЙГ ТУРХИРАХ, СУДЛААЧДЫГ ХАРДАХ НЬ ЯАВЧ ЭХ ХЭЛЭЭ ХАЙРЛАЖ БАЙГАА ХЭРЭГ БИШ-

    -Сүүлийн өдрүүдэд сошиалаар хэд хэдэн  үг маргааны сэдэв боллоо. Тухайлбал:  “цоморлиг” гэдэг үгийг “цоморлог” гэж бичдэг болсон нь зөв, буруу гэх мэт. Олны танил хүмүүс ч  нүүр номдоо  байр сууриа илэрхийлж, тэр хэрээрээ олон нийт савлалаа шүү дээ?

    -УИХ-ын  гишүүн Булгантуяа, гитарчин Өлзий-Орших, жижигчин Баярбат, Базаррагчаа нарын бичиж, ярьсныг харсан. Та бүхэн өөрсдийн мэддэг зүйлсээ л ярь.  Гитарчин Өлзий-Орших гуай Та хөгжмөө л ярь. Цэвэл гуайн толь, Дамдинсүрэн гуайн толийг харьцуулж байгаад нэг юм бичмээр аядсан байна билээ. Та бол хэлний талаар анхан шатны мэдлэг, ойлголтгүй хүн байна.

    Монгол хэлээ хайрлаад байх шиг байгаа юм.  Ингэж хайрлахгүй ээ. Монгол хэлийг хайрлана гэдэг нь зөв ярих, зөв бичих, эрдэмтэн судлаачдынхаа үгийг дагах, хүүхэд багачууддаа зөв заан сургах, хойч үедээ уламжлуулах хэрэг болохоос биш хүмүүсийг турхирч, шуугиулах ажил яавч биш юм.

    Өмнө дурдсан,  1983 онд гарсан Ц.Дамдинсүрэн гуайн  “Монгол үсгийн дүрмийн толь”-д цоморлог нь цоморлогоороо л бий. Мөн шавж, бөжин, харьяа, чүдэнз гээд байж байна. Огт өөрчлөгдсөн зүйл байхгүй.

    Эрдэмтэд, судлаачид, багш нар  “энэ үгийг ингэж бичихгүй ээ, Та нар яагаад буруу бичээд байгаа юм бэ” гэж зөв бичгийн дүрэм  шаардана. Шаардах нь ч зүйн хэрэг. Харин “бид нар ингэж бичээд сурчихсан юм аа” гэж  зөрүүдэлж, зөрөх нь утгагүй хэрэг юм.  Эсрэгээрээ ингэж  бичих ёстой үгийг би ингээд буруу бичээд сурчихсан байна. Одоо зөв бичээд суръя гэдэг байдлаар ойлголцоод явчихвал  аштайхан байгаа юм. Түүнээс биш хэдэн эрдэмтэд сайн дураараа зөв бичгийн дүрмээр тоглоод байгаа асуудал огт байхгүй. Тийм ч амархан өөрчилдөг зүйл биш.

    -Боловсрол телевизээр “Үндэсний үсэглэлийн аварга”  нэвтрүүлэг гарч байна.  Нэвтрүүлэгт ашиглаж байгаа үгсийг хүмүүс харчхаад хэзээ ингэж бичдэг болчихсон юм бэ, ингэж л бичдэг шүү дээ гээд маргаан их өрнөх юм.

    Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон дүрэм, толь бичгийн дагуу бичсэн үгс. 100 хүний 70, 80 хувь нь Таны алдаж  байгаа үгийг алдахгүй бичнэ. Та алдаж байгаа нь Таны л хэрэг болохоос биш Монголын хэрэг биш шүү.  Өөрөө буруу бичиж байгаадаа бухимдаад уг хэргээ бүх нийтийн асуудал болгож, нялзаах  хэрэггүй.  Зөв бичгийн дүрэм нь  бага ангидаа эзэмших ёстой чадвар юм.

    -ҮНДСЭН ХУУЛИА ДАГАЖ МӨРДДӨГ ШИГ ЗӨВ БИЧГИЙН ДҮРМЭЭ ИРГЭН БҮР ДАГАЖ МӨРДӨХ УЧИРТАЙ-

    -Монгол хэлний зөв бичгийн дүрмийг өөрчилсөн гэх ойлголт  700 үгийг журамласнаас эхтэй юу? 

    -БСШУЯ, Төрийн хэлний зөвлөлөөс 2011 онд 700 үгийг журамлаж  гаргасан. 700 үгийг журамласан нь дүрэм өөрчилсөн асуудал биш юм.  Толь бичигт оруулсан хэлбэрийг нь нэг багананд, харин янз бүрээр бичээд байдаг үгийг өөр нэгэн багананд оруулан тодотгож  танилцуулсан санаатай юм. Гэтэл үүнийг монгол хэлний зөв бичгийн дүрмийг шинээр журамлаад, зохиочихлоо гэж ойлгосон.

    Ц.Дамдинсүрэн гуайн толь бичиг 18  мянган үгтэй. 2018 онд уг толь бичигт 12 мянган үг нэмээд 30 мянган үгтэй “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” –ийг гаргасан. Үндсэндээ баяжуулж гаргаж байгаа юм.  Үүнийг гаргахын тулд 2011 онд гаргасан 700 үгийг журамласан шийдвэрээ цуцлахаас өөр аргагүй болсон. Дүрэм, нэгдсэн толь байхад  хэдэн үгийг  заавал тусад нь тодотгож хүмүүсийг бужигнуулаад хэрэггүй гэсэн л санаа юм.

    2018 оны тавдугаар сарын 25-нд Хэлний бодлогын үндэсний  зөвлөлийн тогтоол гарч, 30 мянган үгтэй толь бичгийн дүрмийг баталгаажуулж, дагалдуулан толь бичиг гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийг иргэн бүр дагаж мөрддөгтэй л адилхан монгол хэлний зөв бичих энэ дүрмийг дагаж мөрдөнө, энэ толийг  бүх нийтээр хэрэглээнд ашиглана гээд тогтоолоор баталгаажуулсан юм.

    -Цэвэл, Дамдинсүрэн нарын толийг харьцуулаад шүүмжлэх юм, энэ ямар учиртай юм бэ?

    -Я.Цэвэл гуайн толийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргаж байсан бол Ц.Дамдинсүрэн гуайн толийг Ардыг гэгээрүүлэх яамны сурган хүмүүжүүлэх хүрээлэнгийн захиалгаар Ю.Цэдэнбал даргын удаа дараагийн шахалт шаардлагаар гаргасан. Я.Цэвэл гуайн толь бол үгийн утгын тайлбар толь бичиг. Харин Ц.Дамдинсүрэн гуайн толь зөв бичих дүрмийн толь юм.  Агуулга, зорилго өөр өөр толиос нэг утга хайгаад, маргаад байж болохгүй л дээ.

    -Хэрвээ монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулахаар болбол хэн, яаж хийх вэ?

    -Мэргэжлийн судлаачдын хийх ёстой ажил. Олон нийтээс санал авах шаардлага байхгүй. Хэлнийхээ зүйд тулгуурлаад дүрэм шинэчлэх тухай ярина. Гэхдээ одоогоор монгол хэлний зөв бичгийн дүрмийг өөрчлөх тухай яриа огт алга.

    -Ц.Дамдинсүрэн гуайн  монгол хэлний зөв бичгийн дүрмийн толь  хэр хүртээмжтэй байдаг вэ?

    -100 мянган хувь хэвлэгдсэн. Хуучин номын худалдаагаар 8-10 мянган төгрөгийн үнээр зарж байна билээ. Интернетээр хайгаад цахим хувилбарыг нь татаад авсан ч болно.  Мөн энэ толиос үндэслэж гаргасан 30  мянган үгтэй журамласан толь бас интернетэд байна. Зөв бичиж сурах боломж нь их байна. Өөрсдийнхөө хандлагыг л өөрчлөх хэрэгтэй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ