Ж.Сүхбаатар:Шүүгч нараасаа ичээд нэрээ тат,С.Батхүлэг ээ

2020-11-03

Улсын дээд шүүхэд нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж УИХ-д танилцуулдаг. Үүний дагуу өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Батхүлэгийг танилцуулах гэсэн боловч Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн үзэж хуралдааныг орхин гарав.

Өнгөрөгч лхагва гарагийн байнгын хорооны хуралдаанаар хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож,  нэрээ татахыг шаардсан юм. Гэвч энэ долоо хоногийн хуралдаанаар ШЕЗ-өөс С.Батхүлэгийн нэрийг дахин оруулж ирүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуульч С.Батхүлэгийн НДШ-ийг нь 10 жил Голомт банкнаас төлсөн нь Голомтын ажилтан гэдгийг баталж байна гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хуулийн шаардлага, улс төр, ёс зүйн шаардлагаа ч хангахгүй байна. Иргэд луйварчнаас намайг хамгаалах байх гээд шүүх дээр очтол шүүх нь луйварчныг хамгаалаад гаргачихлаа гээд олон нийтийн дунд цөхрөл бий болсон. Бид мянга шударга ёсны талаар ярьдаг боловч эцсийн дүнд бүх юмны үнэн, зөв нь хаана тогтоогтож байна гэвэл тэр нь шүүгч.

НДШ-аас гадна ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл гэхэд 2006 оноос 2015 оны зургадугаар сар хүртэл дандаа Голомтот ажилласан байна.

Хуулийн шаардлага хангахгүйн дээр Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Дээд шүүхийн шүүгч бол Үндсэн хуульд заагдсан албан тушаал. Нэгэнт хуулийн шаардлага хангахгүй байгаа хүнийг өөрөө нэрээ тат гэж өчнөөн хэлсэн боловч ичихгүй орж ирээд суучихсан. Ядаж шүүгч нараасаа ич л дээ. Өөрөөс чинь илүү гавъяатай, зүтгэлтэй шүүгч нар өөдөөс чинь хараад сууж байна. Иргэдэд ч гэсэн эргэлзээ төрнө. Би бол иргэнийхээ хувьд чамаас айж байна. Чи бол биеэ даасан, хараат бус хүн биш байна.

Энийг УИХ-аар хэлэлцүүлж болохгүй.

Улс төр, аж ахуй нэгжүүдийн нөлөөлөл, мафийг дэмжиж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хууль зөрчсөн асуудлыг ШЕЗ удаа дараа оруулж ирж байгаа нь ШЕЗ өөрөө ямар бохирдолтой байгааг харуулж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ