
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай очиж танилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Нийслэлийн хамгийн олон оршин суугчтай, шилжин суурьшигчид ихтэй, хүн амын 77 хувь нь гэр хороололд амьдардаг Сонгинохайрхан дүүргийн хувьд төвлөрлийг сааруулж, дэд бүтцийг хөгжүүлэн, орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ. Иймд өмнө нь төлөвлөгдөж, одоо бүтээн байгуулалт эхлүүлсэн болон ирээдүйд гүйцэтгэх төслүүдийг Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт дэмжлэг үзүүлж богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд тодотгосон.
Энэ өдөр Баянхошуу дэд төв, орлогод нийцсэн Ногоон орон сууцны төслийн 9 дүгээр хороонд хийгдэж буй газар чөлөөлөлт, Их тойруугийн хурдны автозамын сүлжээ үүсгэх явц, дүүргийн Соёлын ордны барилгын гүйцэтгэл, Түрээслээд өмчлөх 126 айлын орон сууцны барилга угсралт, Толгойт дэд төвийн төсөл, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэл, СХД-ийн 18 дугаар хороонд Геологийн төв лабораторийн уулзварт баригдах нүхэн гарцын төлөвлөлтийн байдлыг тус тус шалгалаа.
Эдгээр гүйцэтгэлийн ажилтай танилцаад төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж буй дүүргийн Соёлын төвийг улсын хэмжээний статустай болгож, Соёлын яамны харьяанд авахаар Ерөнхий сайд шийдвэрлэлээ. Мөн Баянхошуу дэд төвд аль нэг төрийн байгууллагыг нүүлгэн байршуулах, тус дүүрэгт баригдах хоёр нүхэн гарцыг барих төсвийг Улсын төсөвт суулгах, нийслэлийг тойрсон хурдны замын маршрутыг эцэслэн гаргахаар тус тус шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, эко хороолол бүхий орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд тус бүр нь 5 га талбайд, 20 эко хорооллыг зургаан дэд төв түшиглэн байгуулах “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг 5 үе шаттай хэрэгжүүлэх юм. Үүний нэг нь дээрх Баянхошуу дэд төв, түүнийг дагасан орон сууцны хороолол барих юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын 10 мянган өрх орон сууцанд орох юм. Энэхүү төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн дэргэд эхний ээлжийн загварын 20 айлын орон сууц баригдаж дууссан бөгөөд 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Соёлын ордны барилгыг гүйцээж, орчны тохижилтыг хийснээр нийслэлийн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг 850 суудлаар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Харин тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн 2007 өрхийн 7600 гаруй иргэн хямд өртөгтэй орон сууцанд шилжин суурьшина.