ХЭҮК-ийн шинэ гишүүд болон тэд ажлаа хаанаас эхлэнэ гэв?

2020-11-03

ХЭҮК-ийн шинэ гишүүдийг томилох асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд шинэ гишүүдийг танилцуулж, гишүүд асуулт асуув. Нээлттэй сонсголоор нийт 19 хүний нэр дэвшсэн бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор таван нэр дэвшигчийг танилцуулж байна.

2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр батлагдсан ХЭҮК-ийн хуулиар комиссыг таван гишүүнтэй байхаар заасан.

Эрхзүйч, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид

ШУА-ын Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнд судлаач, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч, “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Хууль зүйн яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор тус тус ажиллаж байна.

Эрхзүйч Х.Мөнхзул

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн дарга, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд “хуулийн зөвлөх”, “Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”, Хүний эрхийн үндэсний комиссын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрх зүйн, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референтээр тус тус ажиллаж байна.

Хуульч, судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Эрхзүйч, шинжээч Г.Нарантуяа

Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004 оноос ХЭҮК-т ахлах референт, ажлын албаны дарга, Австралийн Үндэсний Их Сургуулийн докторант судлаач хийж байгаад 2018 оноос хүний эрхийн хараат бус шинжээчээр ажиллаж байна.

Хуульч Ж.Хунан

ХЗДХЯ-нд мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх төслийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форумд төслийн зөвлөх, “Партнерс форевер” ХХК-д хуульч, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.

ХЭҮК-ын гишүүнээр томилогдсоныхоо дараа ажлаа юунаас эхлэх вэ?

Д.Сүнжид:ХЭҮК-ийн хуульд зааснаар бид нарт 11 чиг үүрэг байгаагаас багцлаад үзэх юм бол юун түрүүнд эрх зүйн боловсрол олгох чиглэлээр, ялангуяа, залуучууд, өсвөр насныхандаа илүү анхаарч ажиллана. Асуудал яриад байгаа газар дээр хяналт, шалгалтыг тогтмол явуулна.

Х.Мөнхзул:Хүний эрхийн тогтолцоо харьцангуй бүрдэж, хууль тогтоомжууд батлагдсан гарсан. Хүний эрхийн нийт 17 гэрээ,  конвенцид нэгдэж орсон дэлхийн 10 улсын нэг. Хангалттай байгаа хууль эрх зүйн хэрэгжилтийн асуудал чухлаар тавигддаг. Иргэдийн хүний эрхийн боловсрол, чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн асуудлыг бодлогын түвшинд анхаарч ажиллана.

Б.Энхболд:Иргэд маань хүний эрх зөрчигдөх гэдэг ойлголтыг маш бүдүүлэг, хүчирхийлсэн гэдгийг ойлгоод байдаг. Иргэд, олон нийтийн хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Цар тахалтай холбоотой хүний эрх, эрх чөлөөг зөрчих хандлагууд гарч байна. Үүнийг олон улсын гэрээ, эрх зүйн хэмжээнд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж ажиллана.

Г.Нарантуяа:Ойрын таван жилдээ хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийн бий болгож буй хүний эрхийн үр дагавар, хувь хүний өгөгдөл, халдашгүй байдал, ардчилсан орон зайг хамгаалах асуудал маш чухал. Тодорхой бүлгийн асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай. Жишээлбэл, гэр бүлийн хүчирхийллийн асуудал нилээдгүй анхаарал татаж байна.

Ж.Хунан:Цахим орчинд хүний эрхийг хамгаалах асуудлыг зайлшгүй анхаарах зүйтэй. Миний хувьд энхийн цагт нас барж байгаа хүний тоо маш өндөрт тооцогддог. Хүний амьд явах эрхийг баталгаажуулахад онцгой анхаарна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ