Н.Энхтайван:Ирэх оны эхний хагас жилд багтаан 30 орчим Элчин сайдыг шинээр томилно

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр сайдын хувиар дипломат харилцаатай 192 улстай жигд харилцах, бүх салбар дахь харилцаагаа өргөжүүлэхээс гадна Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд томоохон ажлууд хийж байгаа аж.
Энэ хүрээнд 50 гаруй улсад суугаа Элчин сайд, дипломат ажилчдад тавих хяналтаа чангаруулжээ. Өнгөрсөн сард дипломат паспортын олголт, эзэмшигчдэд шалгалт хийж, 6 мянга гаруй дипломат паспортыг хураан авсан байна. Мөн бүх дипломат дугаартай тээврийн хэрэгсэлд чип суулгасан аж. Хяналтыг чангаруулснаар дипломат ажилчдын өдөр тутмын ажлыг хянах, цаашлаад хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой юм гэлээ.

Хугацаа хэтэрсэн, хугацаа дуусч байгаа зэрэг 20 орчим Элчин сайдын томилгоог хэлэлцэнэ. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 орны Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн боловч Ерөнхийлөгчийн зүгээс тэдгээр нэрсийг татаж авсан. Тэгэхээр хуулиараа шинэ Элчин сайдын нэрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажил байгаа.

Ирэх онд буюу 2021 онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд бий. Тэгэхээр энэ оны төгсгөл болон ирэх оны эхний хагас жилдээ багтаад нийт 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ