
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрладаг сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлэхээр шийдэв.
Үйлдвэрийг энэ оны долоодугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг нь 10 дугаар сарын 1-ний дотор угсарч дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Баруун бүсийн үйлдвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дунд байрладаг. Түлшний үндсэн түүхий эд /мидлинг/ болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж орчны болон хөрсний бохирдол үүссэн байна. Бохирдолтой бүсэд 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарчээ. Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлсний дараа нөхөн сэргээлт хийж бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах юм.
Засгийн газрын хуралдааны товч мэдээ:
– Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 2 дугаар сарын 5-нд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзсан. Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээлд гарахыг нь дэмжих, ялангуяа гарааны бизнес эрхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах, гадаадын хөрөнгө оруулалт татах, Дундын хөрөнгө оруулалтын сан бий болгох чиглэлээр хувийн хэвшилтэй хамтарсан Ажлын баг байгуулна.
– Улсын хэмжээнд 28 тусгаарлах байранд 1583 хүн байгаа бөгөөд 19 зочид буудалд 1147 ортой 820 өрөө нөөцөд байна. Тусгаарлах байруудад онцгой, цагдаа, эрүүл мэндийн 278 алба хаагч, ажилтан үүрэг гүйцэтгэж байна.
– Ноён уулын дархан цаазат газарт хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хамгаалах зэрэгт зориулж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд улсын нөөцөөс хоёр автомашин олгоно. 2020 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дахь Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн 22 мянга 320 га талбайг дархан цаазат газар болгож улсын тусгай хамгаалалтад авсан юм.