Н.Энхтайван:Хоёр хөрш маань манай улсыг ШХАБ-д элсэхийг санал болгосоор байгаа

2020-11-02

Гадаад харилцааны яамнаас сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван:

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ ШХАБ-д Монгол Улсыг элсэхийг санал болгосон. Мөн намайг ОХУ-д айлчлал хийх үеэр Лавров сайд ШХАБ-д элсэх асуудлыг санал болгосон. ШХАБ-д элсэх асуудалд Монгол Улс ажиглагчийн статустай явж ирсэн. Өнөөдрийг хүртэл ажиглагчийн статустай байгаа.

Хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр манай Ерөнхийлөгч Х.Баттулга “ ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр манай улсын байр суурь энэ төвшинд хэвээрээ байгаа. Монгол Улс бие даасан гадаад бодлого явуулдаг. ОХУ, БНХАУ-аас бидний гадаад бодлогод шууд нөлөөлөх асуудал байхгүй.

Гадаадын 52 оронд албан ноот хүргүүлж иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалах чиглэлээр ажилласан. Иргэдийн зүгээс гаргах гомдол бүртгэлийг ил тод болгосноос хойш харьцангуй багассан.

Гадаад харилцааны яамны дотоод ажил, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр:

Гадаад харилцааны системд, тэр дундаа димломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүс ямар нэгэн хэрэг зөрчил, хууль бус ажиллагаанд холбогдох ёсгүй гэдэг зарчмыг хатуу баримталж байгаа.

Дипломат, албан пасспорт, машины дугааруудыг цэгцлэх ажлууд хийгдсэн. 6,000 орчим димломат болон албан пасспортыг хүчингүй болгосон.

Журмын бус аргаар авсан дипломат машины дугаарыг цуцлах ажлууд хийгдэж байна.

Дипломат дугаартай бүх машинуудыг чипжүүлж, хаанаас хаа хүрч байгааг бүрэн хянах боломжтой болсон.

Дипломат төлөөлөгчдийн олон улсад зорчсон мэдээллийг сар болгон авдаг болсон” хэмээн мэдээлээ.

Мөн тус яамнаас 2021 он гэхэд монгол бичгээ төгс, сайн эзэмшсэн байх шаардлагыг тавьж байна. Үүний хүрээнд монгол бичиг сурах нэг сарын аяныг эхлүүлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ