Тэмүүжин,Боорчи нарын андын журмаас сэдэвлэж барьсан Андлалын хөшөөг нураажээ

Хэнтий аймгийн Батноров суманд өнгөрсөн жил ашиглалтад орсон Андлалын хөшөөг нураажээ. Уг хөшөөг хоёр жилийн турш  улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн өртгөөр “Хос  санаа” ХХК барьж байгуулсан. Гэвч уг хөшөө хийц,материалаасаа эхлэн шүүмжлэлд өртөж, сошиал сүлжээний трэнд сэдэв болоод байв. Тиймээс уг хөшөөг бүтээсэн  “Хос санаа” компани хоёр тэрбум төгрөгөө улсын төсөвт буцаан тушааж, хөшөөг нураах шийдвэрт хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Хөшөөг нураах өөр нэг шалтгаан нь оюуны өмчийн  маргаанаас болжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбилэг агсан амьд ахуйдаа уг хөшөөний загварыг гаргажээ. Гэвч сошиал орчинд Андлалын хөшөөг элэглэх явдал их гарч байгаа тул талийгаачийн ар гэрийнхэн оюуны өмчөө ашиглуулахаас татгалзсан гэнэ.

Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх санаа зорилго нь зөв ч анхны бүтээн байгуулалт ийнхүү бүтэлгүйтлээ.

Андлалын өргөөний утга учир нь уг хөшөөг зорин очигсод анд бололцох бөгөөд гал асааж тахил үйлдэх зэрэг уламжлалт зан үйл хийхээр анх баригджээ. Эцэг Есүхэй нь татааруудад хорлогдсоны дараа Тэмүүжин эх,өнчин дүү нарын хамтаар амьдарч байхдаа алдсан найман шарга морио олж яваад Боорчитой таарч, анд бололцсон түүхээс уг хөшөөг сэдэвлэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn