Социалист монгол хүний тухай япон хүний бичсэн нийтлэл:Зээлдэх сэтгэлгээ

Монголчуудын тухай анх хайр найргүй “үнэн”-ийг хэлсэн хүн бол Монгол судлаач, Японы иргэн Кимүро Аяаког  гэж бид боддог.Тэгвэл түүнийг Монголтой дөнгөж танилцаж байхад монголчуудын тухай Япон хүн анх дуугарчээ. Дуугарах, дуугарахдаа бүр нам, засгийн төв хэвлэл “Үнэн”  сонинд түүний  нийтлэл хэвлэгдсэн байна. “Үнэн” сонины 1989 оны нэгдүгээр сарын 29-ний №25-т М.Хакиварагийн “Зээлдэх сэтгэлгээ” нийтлэл хэвлэгдсэн бөгөөд “Монгол хүний зан чанарын тухай” хэмээх тодотгол дагалдуулжээ.

Зохиогч М.Хагивара Монголд хоёр жил орчим суралцсаныхаа дараа “Өмнө зүгийн хөлөг, умард зүгийн адуу” сэтгүүлд уг нийтлэлээ бичсэнийг Японд суралцаж байсан Н.Бадамханд орчуулжээ. Уг нийтлэл гарчигнаасаа эхлээд л япон хүнийг гайхашруулсан монгол хүний “өвөрмөц” зан чанарын тухай. Үнэндээ бол нүүрэн дээрээ хоосон магтуулж, цаасан малгай өмсөөд сурчихсан монголчуудыг уг нийтлэл цочоосон гэхэд болно.

Уг нийтлэлд өгүүлсэнчлэн, бардам, магтуулах дуртай, жинхэнэ эрчүүдээр элбэг монголчуудын тухай Монголын газар нутаг руу халдан довтолж явсан хөрөнгөт ертөнцийн төлөөлөгч яаж тийм  аймшиггүйгээр бичээ вэ? Ингээд 31 жилийн тэртээх “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг бага зэрэг товчлон толилуулья. Ардчиллын өмнөх “Үнэн” сонины үнэхээр сонин нийтлэлүүдийн нэг бол яах аргагүй энэ.

ЗЭЭЛДЭХ СЭТГЭЛГЭЭ

(Монгол хүний зан чанарын тухай)

Монгол-Эрчүүдийн орон, монгол хүний зан чанарыг ганцхан үгээр хэлбэл эрс шулуун, гүдэсхэн гэж хэлж болно. Энэ зангаараа бахархдаг мэт санагдсан. Би БНМАУ-д байсан хоёр жил арай хүрэхгүй хугацааны туршид монгол хүнтэй цуг амьдарч байсан тул энэ занг нь биширч, энэ зангаас болж эвгүй байдалд орж байлаа. Би Улаанбаатарт МУИС-ийн оюутны нэгдүгээр байрын дөрвөн давхарт 409 дүгээр өрөөнд амьдардаг байв. Оюутны энэ байрны нэг, хоёрдугаар давхарт монгол оюутнууд, 3-4 дүгээр давхарт голдуу гадаадын оюутнууд амьдардаг. Гадаадын оюутнууд дотор япон оюутан над шиг монгол хүнтэй цуг нэг өрөөнд орохыг гойд хүсэж байсан хүмүүс ч байв.

Надтай хоёр жил цуг амьдарсан Лүндэндорж (цаашид Лүндэн гэж товчлов) гэдэг залуу намын  гишүүн (тус орны улс төрийн ганц нам), бахархал болсон оюутан. Тэр 5-6 жил ажиллаж байгаад их сургуульд орсон учраас аспирант надаас ч ах, эхнэр хүүхэдтэй (эрт эхнэр авах нь монгол хүний нийтлэг шинж) оюутан байв. Монголын эрэгтэй, эмэгтэйчүүд бага залуу насандаа гэрлэдэг. Гэвч их сургуульд орохын өмнө хэдэн жил ажил хийж байгаад ордог хүмүүс ч цөөнгүй. Ганц бие хүмүүс шиг оюутны байранд амьдарч байгаад сургуулиа төгсөөд гэрлэдэг нь ердийн тохиолдол юм.

Лүндэн оюутнуудын итгэл олсон тул нийгмийн ухааны салбарын философийн факультетийн байрын зөвлөл буюу Оюутны зөвлөлийн даргаар сонгогдсон байх. Иймээс ч бид хоёрын өрөө голдуу монголчуудын холхидог газар болсон юм.

Монгол хүн өөрийгөө магтах дуртай, ямар нэг юмаар бахархах, өөрийгөө болон түүний найз, нөхөд эх орны нэр хүндийг өчүүхэн ч төдий сэвтүүлбэл заавал маргалдан дийлж гарна. Үүнээс болж өдөр бүр монгол хүнтэй ам зөрж, өөрийн мэдэлгүй монголын хараал хэлж орхин хүнд байдалд ордог байв. Хэлсний дараа л хамаг гай нөмөрнө.

Бахархах зүйлд нь сэв оруулсан болохоор  4-5 хүн надтай маргаж, би цор ганцаараа ямар ч гэсэн давж гарах хэрэгтэй болдог. Дулимагхан монгол хэлээр амь дүйн маргалдаж хаашаа ч гарах аргагүй хэцүү байдалд ордог байлаа. Миний хувьд худлаа магтан, хоосон гоё үг хэлмээргүй санагддаг болохоор үргэлж ийм хэцүү байдалд ордог байв. Би Монголд ирээд хулгайчид юмаа алдсан тухайгаа, үр ашиггүй эдийн засгийн систем, олон улсын байдлын тулгамдсан асуудлын талаар бараг л өдөр бүр Лүндэн, түүний найзуудтай маргалддаг байв. Оройн хоол хийнгээ, гэрээ цэвэрлэнгээ ч маргах үе гардаг байв. Монгол Улс эдийн засгийн хувьд Зөвлөлттэй төстэй, ёс суртахуун, соёлын түвшин дунд зэрэг, гадаад явж үзсэн оюутан маш цөөн тул надтай ойлголцохгүй явдал их гардаг байв. Заримдаа яриа огт таарахгүй үед хоёулаа буулт хийн нөхөрсгөөр салдаг.

Монгол хүний сайн тал нь хэдий ийнхүү хурц ширүүн маргалдсан ч огт юм боддоггүй, үнэндээ цайлган, олон дахин маргах бүр улам дотно болж ирдэг. Зөвхөн оюутнууд л бардам зантай гэж болохгүй. Ерөнхийдөө айл гэрт, хөдөө нутагт янз бүрийн монгол хүмүүсээс эх орноороо бахархсан үг сонсож чадна.

Тухайлбал, Монголд настайчууд, багш нарыг хүндлэн дээдлэх Азийн сайхан уламжлалтай ч гэх юмуу, аж амьдрал хангалуун, хулгай дээрэм байхгүй ч гэх юм уу (энэ нь үнэндээ тийм биш), дэлхийд адуугаараа нэгдүгээрт ордог гэх мэтээр бусад оронд байхгүй юмыг янз бүрээр эрэн гаргаж ирээд гайхуулна. Хэрэв санал зөрвөл ямар ч монгол хүн маргаж гарна. Өчүүхэн төдий шүүмжлэлийг ч тэвчиж чадахгүй эмзэг хүлээж авдаг билээ. Үргэлж гадаадынхны шүүмжлэлийн бай болдог Японтой харьцуулахад эсрэг тэсрэг дүр зураг гардаг.

Монгол хүнтэй уулзахдаа миний хамгийн яс хавтайдаг зүйл бол юм зээлэх, зээлдүүлэх явдал байлаа. 409 дүгээр өрөөний сав суулганы тавиурт  түрүүний япон оюутнуудын үлдээсэн тогоо шанага, сав суулга овоолоостой байв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Лүндэнгийн найзууд ар араасаа ирж зээлсээр байгаад тогоо ч үгүй, таваг ч үгүй хоосон хоцорлоо.

Тэр үед найз нөхдийн өрөөгөөр орж нэг нэгээр эргүүлэн цуглуулж авахаар явах хэрэгтэй. Хэрэв тогоо зээлсэн оюутан алга байвал оройн хоол хийж чадахгүйд хүрэх тул тийм үед өөр хүнээс гуйх болно. Зээлсэн юмаа, өрөө буцааж өгнө гэж ер байхгүй. Харин заримдаа зээлсэн тогоогоо өөр хүнд цааш зээлдүүлнэ. Ингэхэд эцсийн үр дүнд ганц хоёрхон тогоо тоо томшгүй олон өрөөг тойрон эргэлдэх байдалд хүрдэг. Тиймээс ч миний сав суулга одоо хэнд байгаа, савны эзэн хэн гэдгийг мэдэхээргүй болжээ.

Би анхандаа үе үе сав суулга хүрэлцэхгүй болонгуут нижгээдийг худалдан авдаг байсан бөгөөд овоо байснаа аажмаар зээлүүлсээр урьдынхаа  адил бахь байдагтаа орчихно. Заримдаа Лүндэн зээлүүлсэн тооноосоо илүү ихийг эргүүлж авчрахад нэг л мэдэхэд уул овоо шиг болдог удаа байв. Тогоо, сав суулга төдий ч биш, индүү, мөнгө, цом, дуу хураагч, түүний хальс ямар ч юм байсан энэ байдлаар зээлнэ. Зээлүүлж байгаа хүн буцааж өгөөрэй гэж ам өчгийг нь эс авбал буцааж авчирна гэж огт үгүй. Ингээд замдаа алдагдах нь цөөнгүй тохиолдоно.

Би анх монгол хүний энэ төрөлхийн зээлэх, зээлдүүлэх занд л өөрийн эрхгүй уур хүрдэг байв. Өөрөө мөнгөө төлж худалдан авсан мөртлөө яг хэрэглэх болохоор эрж явах хэрэгтэй болдог нь огтхон ч санаанд нийцдэггүй байлаа . Юуны урьд монгол хүн бол өөрийн юмаа өмчлөх эрхээ тэгтлээ сайн ухаж мэддэггүй шиг бодогдсон юм. Монгол хүн ямар нэг дутаж байгаа юм байвал худалдан авч цуглуулъя гэхээсээ хамгийн түрүүнд толгойд нь хүнээс зээлэх л бодол төрдөг. Бараг өдөр бүр л энэ ч юмаа зээлүүл, тэр ч юмаа зээлүүл гэх байрны оюутнуудаас залхан цөхөрдөг байв. Ялангуяа япон хүн ямар ч хүсэлт гуйлтад эрс татгалзсан хариу өгдөггүй зантай буюу үгүй, чадахгүй гэж хэлж сураагүй ард түмэн учраас би хэрэггүй юманд толгойгоо зовоож байсан ч байж магад. Энэ утгаар маш ил тод, эрс шулуун зантай байсан нь европ ялангуяа франц оюутнууд юм.   Франц хүн эдэлж буй юмныхаа эзэн болж, эд юмаа зээлдүүлдэггүй, буулт хийдэггүй, ихэмсэг тул монгол оюутнуудад таашаагддаггүй байв.

… Лүндэн ангийн дарга учраас ангийн бүх оюутны цалин, ангийн мөнгөн санг хадгалж, үргэлж их мөнгөтэй байдаг. Ингэтлээ бүхэнд итгэгдсэн ажээ. Тэр эд юм, мөнгө зээлэх, зээлүүлэхэд татгалздаггүй,  хүний сайн тал нь дийлсэн онцгой залуу бөгөөд зээлэхээсээ зээлүүлэх нь давамгайлна. Энэ нь түүнд итгэдгийн нэг илрэл гэдгийг би ажигласан. Хүн удирдаж байгаа хүн өгөөмөр байхгүй бол болохгүй.

Монголд эмэгтэй үйлчлэгч (цэвэрлэгчийг) хүндэлдэггүй. Энд эрэгтэйчүүдийн орны уламжлал амь бөхтэй байсаар байна. Дотносох харилцаа зөвхөн найзуудын дунд ч биш юм. Ах дүү, эгч дүүс, хамаатан садны хоорондохь холбоо японтой харьцуулшгүй хүчтэй. Монголчуудтай цуг үзсэн япон кинонд эцэг эх, хүүхдүүдийн хооронд үүссэн гэмт хэргийн харилцаа таслах тухай хэсгээс жишээ татъя. Би хичнээн энэ тухай тайлбарласан ч тэд Монголд бол ийм юм ухаан санаанд оромгүй зүйл гэж дийлэнх нь өгүүлж байв.

Монгол хүн маш их бахархах дуртай. Өөртөө хэт итгэдэг болохоор буруу ярьж, алдаа гаргаж байгаагаа ч ердөө ойлгохгүй. Иймээс монгол хүнд юм тайлбарлахдаа ер бусын уялдаа холбоотой ярих шаардлагатай.

Энэтхэг-Хятадын хойгийн болон япон оюутнуудтай харьцуулахад тухайн байдал, нүүрний хувиралд шийдэмгий, ширүүн төрх үзэгдэнэ. Гэвч тэдний энэ ширүүн төрх Япон, Зөвлөлт, Дорнод Европ зэрэг газар сурч байсан монгол хүмүүст бараг  илэрдэггүй.

…Монгол эмэгтэйг  эршүүд гэж хэлэхэд голдуу бахархдаг. Дээр өгүүлсэн зүйл бол зөвхөн эрэгтэй хүнд хамаатай биш юм. Монголд байвал япон эмэгтэй тайван, боловсон зөв харилцаатайг ойлгож мэдэрнэ. Би эмэгтэй оюутантай маргаж байснаа бараг санадаггүй бөгөөд голдуу хоёр орны өдөр тутмын амьдралын яриа, кино, дуу зэрэг төрөл бүрийн сэдвээр ярьж байсан.  Монгол хүний зан араншинд япон хүнтэй адил төстэй талыг эрж үзвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа ичимхий, ганцаараа олноос онцгойрч харагдах дургүй хандлага хүчтэй болохыг хэлж чадна. Мөн их, бага, багш, шавийн ялгаа эрс харагддаг нь эртний японтой адил. Өөрийгөө дөвийлгөхдөө Европынхоос дутахгүй агаад Дорнод Азийнхархуу маягийн юм.

Эцэст нь монгол хүүхдийн тухай өгүүлье. Энэ бол онцгой сэдэв юм. Юуны урьд монгол хүүхэд хүчтэй. Гайхмаар хүчтэй. Жижиг хүүхэд бэртсэн ч, төөрсөн ч уйлж байх нь бараг л харагдаагүй. Оюутны байранд гэр бүлээрээ амьдардаг багш, оюутнууд ч байдаг болохоор жижиг хүүхдүүд нэлээд бий. Дөрөвдүгээр давхарт Агиймаа гэдэг 4-5 насны хөөрхөн охин байдаг байв. Тэр угаалгын өрөөнд их тоглодог байлаа. Би нэг өдөр байрандаа ганцаараа юм угааж байтал Агиймаа дуу дуулсаар хүрч ирлээ. Тэгээд гараа угаах гэж өсгийгөө өргөх агшинд хөл нь хальтирч шалан дээр яах ийхийн завгүй пид хийтэл ойччихов. Би тэр дороо л их дуугаар уйлах болов уу гэж санаа зовтол их эндүүрчээ. Агиймаа тэр үед өвдсөн янзтай нүүрээ үрчийлгэснээ намайг босгож өгөхөд “Хувцас норчихлоо, солиод  ирье” гээд өрөө рүүгээ явчихав. Япон хүүхэд бол ч тэр газраа уйлаад л сууж байх байсан гэдэгт эргэлзэх юмгүй. Эрэгтэй хүүхэд бүр ч хүчтэй. Зун цэцэрлэгт төөрсөн хүүхэд нэлээд харагдах боловч уйлж байсан хүүхэд байгаагүй. Хаана ч гэсэн хүүхэд хөөрхөн болохоор энд ч мэдээж мөн адил. Би байрандаа ч, гадаа ч хүүхдүүдтэй их ярьдаг байв.

…Хөгжиж байгаа орнуудад хаана ч гэсэн адил боловч монгол хүүхэд үнэндээ их ажилладаг. Ус зөөх, мал маллах, адуу үхрийн бэлчээрт хаана л бол ажиллаж байгаа хүүхдийн бараа харагдана. 6-7 настай эрэгтэй хүүхэд морь унаж, зах хязгааргүй уудам талаар давхиж явах нь олонтаа тохиолдоно.  Монгол хүн “эр хүн” гэдэг үгийг хэрэглэдэг. Жинхэнэ эр хүн тэгэхгүй бол болохгүй гэх юмуу, хэрэв ингэвэл эр хүн биш гэх зэргээр хэлнэ. Монгол хүний сэтгэхүй ямар ч гэсэн “жинхэнэ эр хүн” гэдэгт бий бололтой. Зоригтой бардам, өгөөмөр сэтгэлтэй, тэвчээртэй, хэт гүдэс, яльгүй юманд татгалздаггүй бол Монголын жинхэнэ эр хүн юм.

 “Үнэн” сонины 1989.1. 29.№25-ны дугаарт гарсан уг нийтлэлийг Т.Бүдээхүү өмнөтгөл бичин бэлтгэж, “Монголын үнэн” сонины 100 жилийн ойн өмнө уг сонины хуудаснаа дахин нийтлэв. 

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ