Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумьяабазарын өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ ярьснаар төрийн болон худалдааны байгууллагууд, хувийн хэвшлийг хотын төвөөс гаргах асуудлыг шийдсэнээр эхний ээлжинд түгжрэлийг шийдэх ажээ.
Дараа нь нийслэлийн дэд төвүүдийг байгуулах, улмаар дагуул хотуудыг байгуулж түгжрэлийг арилгах гэнэ.
Жил тутам 80 мянгаар автомашины тоо нэмэгдэж байвал 2025 он гэхэд нийслэл хот 24.3 их наяд төгрөгийн алдагдлыг шууд болон шууд бусаар хүлээх ажээ.
Түгжрэлийг шийдэхийн тулд хамгийн эхлээд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400-500 автобусыг шинэчлэх шаардлагатай гэнэ.