“Ихэнхи тохиолдолд элэг шилжүүлэх мэс заслын төлбөрийг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлж байна”

2021-08-12

Эрүүл мэндийн даатгалын сангийн шинэчилсэн тогтоол батлагдсанаар эрхтэн шилжүүлэх мэс заслын санхүүжилт, тэр дундаа иргэдэд хэрхэн давуу талтай болсон талаарх мэдээллийг Төрийн соёрхолт, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний их эмч О.Сэргэлэн хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд элэг шилжүүлэн суулгасан 160, бөөр шилжүүлсэн суулгасан 280, ясны чөмөг шилжүүлэн суулгасан 20 гаруй хүн байгаа аж.

– Одоогоор хэдэн хүнд эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийгээд байна вэ?

-ЭМД-ын шинэ тогтоол батлагдахаас өмнө эрхтэн шилжүүлэн суулгуулах өвчтөн өөрийн “халааснаас” төлбөрөө /85 сая төгрөг/ 100 хувь төлдөг байсан. Тэдний зарим нь 85 сая төгрөгөө олохын тулд байраа зардаг, зээл авдаг байсан бол 2016 оноос эхлэн хамтын төлбөрийн систем бий болж 65 сая төгрөгийг төрөөс дааж үлдсэн 20 гаруй сая төгрөгийг өндөр өртөгтэй мэс заслын тоног төхөөрөмж хэрэглэсэн даатгалаас даадаг болсон. Тиймээс шинэчилсэн тогтоол гарах хүртэл ямар багаж хэрэглэснээс хамааран хувь хүн буюу өвчтөн 8-15 сая төгрөгийг дунджаар төлдөг байсан. Харин бөөр шилжүүлэн суулгахад 4-5 сая төгрөг төлдөг тогтолцоотой байв.

Сая ЭМД-ын сангийн 2021 оны 03 тоот тогтоолоор эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүмүүсийн зардлыг 100  хувь даатгалаас төлдөг боллоо. Өмнө нь улсаас жилд 23 бөөр, 24 элэг шилжүүлэн суулгахад тодорхой хувийг даана гэж заасан байсан бол одоо гүйцэтгэлээрээ санхүүжих боломжтой болсон. Эрхтэн суулгуулах шаардлагатай иргэдийн дараалал их байна. Нэгдүгээр сараас хойш 18 хүнд мэс засал хийсэн,  удахгүй хоёр хүнд мэс засал хийхээр бэлдэж байна. Мөн цаана нь 30-40 хүний материал хүлээж байна. Тэгэхээр өмнө нь бид 20 гаруй хүний амь авардаг байсан бол одоо энэ тоо нэмэгдэж хэрэв баг маань боломжтой, ор хүрэлцээтэй бол илүү олон хүний амь аврах боломжийг энэхүү шинэ тогтоол гаргаж өгсөн.

Хувь хүн 25 хувийг өөрөө төлнө. Гэхдээ тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй эсвэл тэтгэвэртээ суусан байвал улсаас 100 хувь төлнө гэж заасан.

– Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд 2,1 тэрбум төгрөгийг даатгалын сангаас зарцуулсан тоо байна. Дэлхийн улсуудын энэ төрлийн даатгалын систем ямар байдаг вэ?
– Улс бүр мэдээж харилцан адилгүй системтэй. ОХУ-д улсаас 100 хувь төлдөг бол БНХАУ-д тухайн хүн даатгал төлснөөс хамаараад 60-70 хувийг төлдөг. Гэхдээ мэс заслын үнэ харьцангуй өндөр. Жишээ нь АНУ-д элэг шилжүүлэн суулгуулах мэс заслын үнэ 350 мянган ам.доллар, Европын орнуудад 350 мянган евро, БНСУ-д 150 мянган ам.доллар /үүний 80 хувийг улсаас, 20 хувийг өөрөө төлдөг/ гэх мэт харилцан адилгүй байдаг.

Манай улсын хувьд 03-р тогтоолоор элэг шилжүүлэн суулгуулах нэг удаагийн мэс заслыг 113 сая 628 мянган төгрөгөөр санхүүжүүлнэ. Харин хувь хүн 25 хувийг /28 сая 420 мянган төгрөгийг/ өөрөө төлнө.

Гэхдээ тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй буюу групт байдаг эсвэл тэтгэврийн насных байвал улсаас 100 хувь төлнө гэж заасан. Дээр дурдсан мэс засал хийлгэсэн 20 гаруй хүнээс зөвхөн хоёр нь л хөдөлмөр эрхэлдэг бол үлдсэн нь тэтгэврийн эсвэл групт байдаг иргэд байсан.

-Эрхтэн шилжүүлэх шаардлагатай иргэдийн дараалал ямар байдаг вэ. Тэднийг хэрхэн сонгодог вэ?
-Манай багийг зориод ирсэн бүх хүнийг шинжилж, нэн шаардлагатай гэдгийг нь нэгдүгээрт тогтооно. Эрхтнийг мэдээж амьд донороос авдаг ба элэг шилжүүлэн суулгуулсан 130 хүний найм нь л тархины үхэлтэй донортой байсан бол бусад нь бүгд амьд донороос шилжүүлэн суулгасан байдаг. Монголчуудын хувьд нэг сайхан тал нь их бүлсэг, нэгнийхээ амийг аврахын тулд үр хүүхэд, ах дүү хамаатан саднаараа бүгд “хөдөлдөг”. Бид тэднээс шинжлээд тохирсон донорыг сонгодог. Нэн яаралтай элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүсийн протоколыг бичээд жагсаалтын урдуур нь орох зайлшгүй тохиолдол байдаг ч аль болох дарааллаар нь мэс засал, эмчилгээгээ хийдэг.

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ?
– Он гарсаар элэг шилжүүлэн суулгуулсан 20 хүнээс эндсэн тохиолдол байхгүй байна. Бидний мэс заслын нэг жилийн үр дүн 93,7 хувь, таван жилийнх нь 92,4 хувьтай байдаг. Гол нь хавсарсан халдвар, өвчнөөр нас барах тохиолдол бий. Жишээ нь дээрх 20 хүнээс нэг нь элэг шилжүүлэн суулгуулаад сар болсны дараа ковидын халдвар аваад өөд болсон. Мөн нэг хүн зүрхний эмгэгтэй байж байгаад гэнэт нас барсан. Элэг шилжүүлсэнтэй холбоотойгоор нас барсан тохиолдол он гарснаас хойш байхгүй. 92-93 хувь нь харьцангуй амжилттай үр дүн юм. БНСУ-ын АСАН анагаах ухааны төв бол бидний багш, тэдний шилийг дагаад л явж байна. Бидний тохиолдол 130 гэж байгаа нь цөөн мэт боловч 3 сая хүн амтай манай улсын хувьд мэс засал хийсэн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.

 

Холбоотой мэдээ