Г.Занданшатар:Улаанбаатар хотод тулгамдсан “Таван Т”-г эцэс болгох учиртай

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзжээ.

2021 оны долоодугаар сарын 07-ны өдөр УИХ-аар баталсан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт болон ирэх намрын чуулганаар батлах Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд тус уулзалтыг хийсэн байна. Түр хороо Улаанбаатар хотод тулгамдсан “Таван Т-гийн асуудал” буюу төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх, талцлыг эцэс болгох зэрэг ажил хэрэг явуулах учиртайг УИХ-ын дарга онцолжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн дүрмийг зөвлөлдөх санал асуулгын үндсэн дээр нийслэлийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хэлэлцэн, батлах ажлыг энэ ондоо багтаахаар яаравчлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой ач холбогдолтой эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот байгуулах асуудлаар Эдийн засгийн байнгын хороо, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо, Улаанбаатар хот хамтран ажиллаж, ажлаа нэг бодлогоор зангидаж явуулах, Улаанбаатар хотын хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгах саналаа Сангийн яамтай нэгтгэн оруулж ирэх гэсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн товч мэдээлэл хийхдээ УИХ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын даргын нэр дээр Улаанбаатар хотын иргэдээс түгжрэл болон корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар ихэвчлэн санал, хүсэлт ирүүлж буйг дурдаад, иргэдийн тавьж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Түр хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг хүсжээ.

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн С.Одонтуяа, Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн, П.Анужин нар уулзалтад оролцож, Хотын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал гишүүд нийслэлийн хилийн цэс, байшин барилга барих, газар олгох стандарт тогтоох, газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгө мөнгийг Нийслэлийн төсөвт тусгах, улсын төсвөөр болон Нийслэлийн төсвөөр хийх хөрөнгө оруулалтын зааг ялгааг гаргах, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд бодит хяналт тавих зэрэг асуудлыг тодруулсанд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хариулт өгөхийн зэрэгцээ зарим асуудлаар эцсийн шийдвэр гаргахад УИХ-ын түвшинд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив.

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан УИХ-ын даргын өгсөн тодорхой гурван чиглэлийн дагуу Түр хорооноос ажлын хэсэг гарч, Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллах төдийгүй ирэх аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганд зарим асуудлыг оруулж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын хөгжилд чөдөр тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг засаж, залруулахын төлөө хичээж буй Улаанбаатар хотын ажлыг УИХ дэмжиж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Түр хорооны гишүүн бүр нэг ажил хариуцаж аваад, ард нь гарах хэрэгтэй. Дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахлын хүнд үед Засгийн газар ч чадлаараа ажиллаж байна. Засгийн газрын ажлыг ч УИХ дэмжиж, цар тахлыг даван туулахын төлөө ажиллана.  УИХ-ын гишүүд ч том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэг санаатай ажиллаж буй гэдэгт итгэж байна. Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг.  Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна хэмээсэн гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn