Х.Ганхуяг: Цахим шилжилт мөнгө угаалт тал руугаа яваад байна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Уг төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Эрин” сургуулийг сонгож авч үндэсний найман компанитай хамтран цахим шилжилтийн туршилт хийж байгаа гэж салбарын дэд сайд нь хэвлэлд ярьсан байсан. Компаниудыг яаж сонгосон бэ, мөн “Эрин” сургуулийг яагаад сонгосон бэ. Нийтдээ 8 тэрбум төгрөгөөр багш нарыг компьютержуулах юм байна. Үүнийхээ үр дүнг хэрхэн тооцоолж байгаа вэ. Үүрэн холбооны компаниуд БШУЯ–тай хэр хамтарч ажиллаж байгаа вэ. Сургуулийн орчин дахь дата хэрэглээг хангах тал дээр үүрэн компаниуд бэлэн гэдгээ мэдэгдсэн”.

БШУ–ы дэд сайд Г.Ганбаяр “Улсын хэмжээнд “Эрин” сургууль дээр цахим шилжилтийн туршилтыг найман компани хийж байгаа. Энэ найман компанийг сонгохдоо ямар нэгэн төлбөр мөнгөний асуудал үүсгэхгүй гэсэн шаардлага тавьсан. Тухайн компаниуд биднээс төлбөр авахгүйгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд туршилтыг үндэсний компаниуд хийж байгаа. 8 тэрбум төгрөгөөр компьютер худалдаад авсан. 2019, 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр нэгийг нь 1.8 сая орчим төгрөгөөр худалдан авсан. Үүрэн компаниудтай хамтран ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Сургуулийн орчинд яамны апп–ийг үнэгүй ашиглаж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Бүх яамд барилгын компани болчихсон. Хууль  хяналтын эсвэл төрийн байгууллагын оффисууд. Сүүлийн хэдэн жил бизнесийнхэн барилга барьж чадахаа байчихсан. Энэ бүхэн төсвийн үрэлгэн байдлыг нотолж байгаа юм. Аймгууд хүртэл мэдээлэл технологийн албадууд байгуулаад дөрвөн жилийн хугацаатайгаар янз бүрийн цахим шилжилтүүдийг нэвтрүүлдэг. Засаг дарга нь солигдохоор мэдээлэл технологийн албаны хүмүүсээ сольдог. Мөнгө угаах тал руугаа яваад байна. Төрийн аудит энэ тал дээр хяналт тавьж байна. Цахим шилжилтийн хүрээнд аймаг, нийслэлд хэдэн төгрөгийн төсөв тавигдсан бэ. E-mongolia гарахын өмнө hudulmur-halamj.gov.mn гэж хүртэл гаргасан. Нэг засаг, бодлоготой атал яагаад янз бүрийн платформ нээгээд байдаг юм бэ. Энэ тал дээр Сангийн яам хяналт тавьдаг уу. Яамдуудад хэдэн төгрөгийн төсөв цахим шилжилтэд хуваарилагдах вэ.

Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг “Төрийн аудитын байгууллага 6546 байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийдэг. Энэ хүрээндээ санхүүгийн программ хангамжийг үнэлж, дүгнэдэг. Өнөөдрийн байдлаар нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 525 санхүүгийн программ ашиглаж байна. Энэхүү үйлчилгээнд 2020 оны төсөвт 6.3 тэрбум төгрөг тусгасан.  2021 оны төсөвт мэдээлэл, технологийн чиглэлд 30 тэрбум төгрөг суусан”.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бүх яам тамгын газрын дарга нар тухайн удирдаж байгаа байгууллагаа цахим шилжилтэд шилжүүлье гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгаасай гэж хүсч байна. Тэгж байж цахим шилжилт бүрэн утгаараа хийгдэнэ. Нэг хүний хийдэг ажил биш.  Цахим шилжилтийн хүрээнд нийт 42 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Үүн дээр нэмэгдээд шилэн кабелжуулах, орон нутгийн сургуулиудыг интернетэд холбох зэрэг урсгал зардал мөн орно” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ