
Манай улсад анх удаа агаарын дүүжин ресторан нээгдэхээр бэлдэж, урьдчилсан захиалгаа авч эхэллээ. Тодруулбал, “UB in the Sky” гэж нэрлэгдэх энэ ресторан нь Их тэнгэрийн амаас зүүн тийш байрлах “Туул гарден”-д байрлах бөгөөд 45 метрийн өндөрт кранаар өргөгдсөн байх юм.
Тус рестораны зарим онцлог зүйлээс дурьдвал:
- Дүүжин ресторан нь нэг удаад 18, өдөрт 200 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай
- Өдөрт дээд тал нь 7-10 удаа өргөх боломжтой
- Нэг цаг үйлчлүүлэх нэг хүний төлбөр 200 мянган төгрөг
- Ирсэн зочдоос гадна тогооч, зөөгч, аюулгүй албаны ажилтан зэрэг 4-5 хүн ажиллах юм.
Бүх үйлчлүүлэгчээ бэхэлгээтэй сандалд суулгаж, аюулгүй албаны ажилтан байнга байлгахаар зохион байгуулан, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Агаарын дүүжин ресторан нь улирлын чанартай буюу 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах юм.