Б.Энхбаяр:350 мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт тусгасан төсөв 35 мянган хүн амтай нэг аймгийн төсвөөс бага байгаа нь шударга ёс мөн үү?

2020-10-27

УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооны хуралдаанаар 2021 оны  төсвийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:Үндсэн хуульд  өөрчлөлт оруулсны дараах анхны төсөв. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ дээр зарлага нэмэгдүүлэх эрхгүй. УИХ-ын гишүүд  төсвийн зарлага нэмж баталдаг зүйлээс татгалзчихсан. Ийм онцлогтой төсвийг бид хэлэлцэж байна.

Миний хувьд Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаж  Засгийн газраас оруулж ирж байгаа төсөл дээр  хүрээ зааг дотор нь ярьж байгаа. Энэ нь тойргийнхоо асуудалд  анхаарахгүй байна гэсэн үг бас биш юм.  Гишүүд бүгдээрээ тойргийнхоо асуудлыг ярих нь тодорхой.  Улаанбаатар хотын  350 мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт тусгаж байгаа хөрөнгө оруулалт 35 мянган хүн амтай нэг аймгийн төсвөөс бага байна. Энэ шударга ёс мөн үү.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо улсын хэмжээний хамгийн том хороо. Хоёр жилийн өмнө эхэлсэн 1600 хүүхдийн хоёр сургууль, 320 хүүхдийн нэг цэцэрлэгийн барилгын асуудал бий.

Энэ хороо нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын маш том хороолол.  Хүн ам нь 26 мянгад хүрсэн.  Нэг аймагтай дүйцэж байгаа энэ том хороонд улсын хэмжээний нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Сургуулийн насны  6900 хүүхэд, цэцэрлэгийн насны 3500 хүүхэд байна. Сургууль, цэцэрлэгийн насны 11 мянган хүүхэд нэгхэн хороонд байна.

Газрын асуудлыг шийдхэд Барилга, хот байгуулалтын сайд юу бодож байна вэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ