Г.Ёндон:Сургалтын төлбөрийн урамшуулал авснаа болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна

2020-10-26

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “ГЁТЕ” дунд сургуульд сурдаг  хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг  “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн баримт ил болсон. Г.Ёндон нь 2018 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны долоодугаар сарын 08-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон юм.

Үүнд тэрээр….

Нэгдүгээрт, “Монголросцветмет” ТӨҮГ нь улсын төсөв, татвартай ямар ч хамаагүй байгууллага. Ашгийн төлөө ажилладаг байгууллага.

Төрийн өмчийн компанийг ашигтай ажиллуулах, алдагдалтай ажиллах гэсэн хоёр асуудал байдаг.  2000 оны эхэн үеэс дагаж мөрдөж байгаа  “Монголросцветмет” ТӨҮГ-ын шагнал, урамшууллын тухай дотоод журам бий.  Уг журамд  компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх тухай заасан байдаг.  Би 2018 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон. Өмнө 1999 оноос хойш ажилласан.

Шилэн дасны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байгаа.Энэ баримт 2019 онд тавигдсан. Өнөөдөр миний хашиж байгаа албан тушаалтай холбоотойгоор гаргаж ирсэн байх. Хөдөлмөрийн гэрээн дээр ч  урамшууллын талаар заасан байдаг учраас хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна.

2019 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан. Ганц би ч биш бусад олон хүмүүс урамшуулал хөнгөлөлт авсан. Ашиггүй ажиллаж  байх хугацаандаа энэ урамшуулал, хөнгөлөлтийг авч байгаагүй.

Уул, уурхайн сайд Г.Ёндон нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан аж. Тэрээр 2019 оны ХОМ-дээ өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто граж, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг “Toyota Prius-1” маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай. Зээлгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэж мэдүүлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ