Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад ХҮРГЭХ хуулийн төслийг өргөн барилаа

2020-10-26

Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлан, өргөн барьж буй талаараа УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “АН-ын бүлэг 100 хувийн саналаар нэгдэж, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачилж байна.

Доод хэмжээг 500 мянгад хүргэх хуулийн төсөл байгаа. Хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан нь 500 мянгаас доош тэтгэвэр авна гэдэг нь амжиргааны хаана ч хүрэхгүй байна.  Өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг байхад хоёр ахмад амжиргаагаа тэтгэврээрээ залгуулж чадахгүй байна.

Тэтгэвэр ийм бага байгаа нь ахмадуудыг ядууралд хүргэж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг.

Ингэхдээ стратегийн ордууд, тэр дундаа Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг босгоно.

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэхэд жилдээ нийт 400 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай” гэв.

Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулж, төрөөс ногдох хувийн тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулж, баялгийг тэгш хуваарилах боломжтой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ