Ерөнхий сайдуудаа яллан байж саарал жагсаалтаас гарав

Монгол улс өнгөрсөн нэг жилд FATF-ын саарал жагсаалтад орж, эргэж жагсаалтаас гарахаар тэмцсээр өнгөрлөө.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF нь дэлхийн улс орнуудыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг судалж, зөвлөмж өгөх үндсэн үйл ажиллагаа явуулдаг аж.

Тухайн улс орны санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг 49 шалгуур үзүүлэлтээр дүгнэн үзэж зөвлөмж гаргадаг бөгөөд уг зөвлөмжийг улс бүхэн биелүүлэх үүрэгтэй. Ямар нэг улс саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын төсөл хөтөлбөр саатах эрсдэл үүсч болзош­гүй аж. ФАТФ­-ын гишүүн орнуудад дээрх хориг үйлчилдэг.

Манай улс энэхүү Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад 2004 онд гишүүнээр элсч тодорхой үүрэг хүлээж, 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хуулийг УИХ баталсан.

Мөн хуулийг 2013 онд шинэчлэн найруулсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. FATF Монгол Улсад анх 2007 онд үнэлгээ хийхэд 49 шаардлагын 15-д нь муу, 21-д нь дунд үнэлгээ авчээ. Ингээд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг жигдрүүлэх, банк, санхүүгийн байгууллагаас сэжигтэй гүйлгээний мэдээллийг тогтмол авч хянадаг болох, Эрүүгийн хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай ойлголтыг нарийвчлан тусгах зэрэг шаардлагуудыг тавьсан. FATF зөвлөмж, шаардлагуудынхаа биелэлтийг 2012 онд шалгаад хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Монгол Улсыг саарал жагсаалтад багтааж байсан юм. Жилийн дараа манай улс зарим хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулснаар Балба, Киргизстан, Танзани, Кени улсын хамт FATF-ын саарал жагсаалтаас гарсан. Тэгвэл өнгөрсөн жил Монгол улс хоёр дахь удаагаа Исланд, Зимбабе улсуудын хамт саарал жагсаалтад орсон юм.

Өнгөрсөн жил FATF-ын саарал жагсаалтад орсонд эрх баригчдын үйл ажиллагаа, авлигын хэргүүд, арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөө нэмэгдүүлсэн 500-аад тэрбум төгрөгийг тайлбарлаж чадаагүйгээс, мөн Ил тод байдлын тухай хуулиар илэрсэн 35 их наяд төгрөг бүртгэгдсэн, улстөрчидтэй холбоотой гаднын улсад илэрсэн оффшорын асуудал, Хойд Солонгос буюу БНАСАУ-тай зэвсэг, техникийн наймаа хийж, дэлхий нийтийн өмнө терроризмын үйл ажил­лагааг дэмжсэн, Монгол улсыг төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамны ажилтнууд хар тамхины гэмт хэргүүдэд холбогдож, алт тэргүүтэй хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх дотоодын хил гаалиас болж гээд олон асуудлаас болсон гээд шуугисан.

Хэдий ийм олон асуудлаар эрх баригчдыг муулсан ч саарал жагсаалтад орсон нь дараах асуудалтай холбоотой нь тодорхой болжээ. Энэ нь ч сая саарал жагсаалтаас Монгол улсыг хасах гол нөхцөл болсон аж.

Монголбанкны Ерөнхийлөгч Г.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарынхаар бол FATF-ын саарал жагсаалтад орсон нь 2012-2016 онд эрх барьсан АН, МАХН-ын буруу бодлого, буруу үйлдлүүд Монгол Улсыг саарал жагсаалт руу оруулсан. Буруу бодлого, буруу үйлдэлтэйгээ дасан зохицсон. Түүнтэйгээ нийцэж тайван амьдардаг болсон. Засах арга хэмжээ авалгүй байсаар өнөөгийн байдалд хүрсэнтэй холбоотой юм.

Мөн өнгөрсөн жил ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Энэ асуудлыг улс төржүүлэх муу ажил хийгдэж байгаа тул тодорхой зүйл хэлье. 2013-2016 оны хоорондох санхүүгийн байдалд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ хийх үед Ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 6-нд батлагдсан. Тэр хуулийн дараа Монгол Улсын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж өмнө байснаасаа 150 хувиар нэмэгдсэн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн  хөдөлгөөн хийгдсэн учраас FATF-ын энэ шалгалтад хамрагдсан түүхтэй юм…Ил тод байдлын тухай хууль, нөгөө нь Өршөөлийн хууль. Тэрэнд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулахгүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж, би түүнийг нь дэмжиж байсан. Ингэж хууль баталж, хуулийн дараахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн. Мэдээж үүнд гадны байгууллагуудад сэжиг төрж таарна.

Ингээд 2016 оны сүүлээр FATF-ын ажлын хэсэг 9 хүнтэй ажиллаад үнэлгээ хийж тайланг 2017 оны тавдугаар сард 40 зөвлөмж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаад таван асуудлаас бусдыг биелүүлсэн. Сүүлд сая 2019 оны аравдугаар сарын 11-нд FATF-ын Азийн хамтарсан бүлгийн даргаас нь надад захидал ирсэн… Энэ бол 2013-2016 оны хооронд болсон үйл явдлын үр дүн ингэж гарч байна. Тэр биелүүлээгүй дөрвөн асуудал дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна гэсэн нэг гол асуудал, хоёрт хөрөнгө хураагдахгүй байна гэдэг асуудал туссан байгаа. Хөрөнгө хураах асуудлыг Засгийн газар шийддэггүй. Хуулийн байгууллага шалгаад, шүүх гэм буруутайг нь нотолж чадвал тэр хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах асуудал байдаг” гэж мэдэгдэж байв.

Үнэхээр ч түүний ярьсантай холбоотой асуудлуудыг шийдэж, шүүхийн шийдвэрүүд гарснаар FATF Монгол улсыг саарал жагсаалтаас хаслаа.

Өнгөрсөн оны 10 сард ийнхүү саарал жагсаалтад орсон бол яг нэг жилийн дараа гарсан нь өнгөрсөн зун шүүхээс С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарын Ерөнхий сайд нар болон, С.Баярцогт, Да.Ганболд, Д.Эрдэнэбат нарын улстөрчид, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, УЕП-ын орлогч байсан Г.Эрдэнэбат нартай холбоотой хэргүүдийг шийдэж ихэнхийг нь яллаж, заримынх нь хөрөнгийг хураасан, Эрдэнэтийн 49, 51 хувьтай холбоотой асуудлуудыг шийдсэн, Салхитын мөнгөний ордын асуудлыг шийдэж улсад авсан гээд олон асуудлууд FATF-ын ажлын хэсгийн дүгнэлтэд эерэгээр туссан учир Монгол улс саарал жагсаалтаас гараад байгаа гэнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ