
Агаарын бохирдлын найрлагаас РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор эрүүл мэндэд хамгийн аюултай ба бохирдолттой агаартай орчинд удаан хугацаагаар амьдрахад нас богиносох ялангуяа зүрхний өвчнөөр нас барах эрсдэл нэмэгддэг нь батлагдсан. Тэгвэл ой хээрийн түймрийн утааны голлох бүрэлдэхүүн нь мөн л энэхүү PM2.5 юм.
Утаан дахь хорт бодисын хэмжээ өндөр байх тусам дараах шинж тэмдгүүд илэрнэ:
- Эрүүл хүмүүст нүд, хоолой загатнах, амьсгал давхцах, нус гоожих, толгой өвдөх, манарах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг
- Зүрх, судасны өвчлөлтэй хүмүүст цээс өвдөх, ядрах, амьсгал давхцах шинж тэмдэг илэрнэ.
- Уушгины өвчлөлтэй хүмүүст энгийн үетэй харьцуулахад сайн амьсгал авч чадахгүй байх, хий ханиах, толгой манарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Хүүхдүүдийн амьсгалын систем нь гүйцэт бүрэлдэж хөгжөөгүй, том хүмүүсээс илүү их хэмжээний агаараар амьсгалдаг учраас утаа бүрхсэн энэ үед аль болох гадаа тоглуулахгүй байх хэрэгтэй. Ташрамд дурьдахад, коронавирусийн халдварын эсрэг зүүж байгаа нэг удаагийн маск нь нарийн ширхэгт тоосонцороос хамгаалах чадахгүй бөгөөд N95, P100 гэсэн маскыг зүүвэл хамгаална. Зүүхдээ хоёр утас нь нэг нь чихний дээгүүр, нэг нь чихний доогуур гэж зөв зүүхийг анхаарна уу.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд утаанд удаан хугацааны турш байснаар дутуу төрөх, нярай бага жинтэй төрөх гэх зэрэг эрсдэл дагуулдаг болохыг АНУ-ын Өвчлөл Хянах, Урьдчилан Сэргийлэх Төвөөс (CDC) мэдээлжээ.
Хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
- Гадуур аль болох явахгүй байх, хүүхдийг утаатай үед гадаа тоглуулахгүй байх, цонхоо хааж, гаднаас агаар нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй.
- Мөн дотор орчинд гал түлэх, лаа асаах, газын плитка ажиллуулах зэрэг дотор орчинг нэмж бохирдуулах зүйлсээс татгалзах хэрэгтэй.
- Хэрвээ уушги, зүрх судасны өвчлөлтэй хүмүүст хүчтэй хий ханиалгах шинж тэмдэг удаан үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: АНУ-ын Өвчлөл Хянах, Урьдчилан Сэргийлэх Төв(CDC)