Ирэх сард шатахууны үнэ дахин нэмэгдэж болзошгүй, иргэд маань зөвөөр ойлгоорой гэв

2021-08-03

Шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны удирдлагууд, мэргэжилтнүүд, шатахуун импортлогч ААН-ийн төлөөлөл оролцож байна.

“НИК” ХХК-ийн захирал н.Наранцогт дарга шатахууны үнэ ирэх 8-9 сард дахин нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээлэв.

Тэрбээр “Өнгөрсөн сарын 30-нд АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2100 төгрөг болж өссөн юм. Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон юм. Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өслөө.  Мөн дизель түлш нэг литр нь 2290 төгрөгөөс бүх шатахуун түгээх станцад 2490 төгрөг болсон юм.

Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог нь шилэн буюу ил тод байдаг. Энэ салбарт нэг компанийг монопол гэж иргэд буруу ойлгодог. 30 жилийн өмнө өрсөлдөөн бий болж, 30 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна.

Ирэх найм,есдүгээр сард үнэ дахиад ч нэмэгдэхээр харагдаж байна. Энэ өсөлтийг зах зээлийн зарчим гэж ойлгох хэрэгтэй,  иргэд маань өсөлтийг зөвөөр ойлгоорой.

Компаниуд долоон сарын турш алдагдал  хүлээсэн” гэв.

Ийнхүү алдагдалтай ажилласан ч нэг ч ажлын байрыг цомхотгоогүй, цалингаа бууруулаагүй гэдгийг хэлж байлаа. Тус салбарт нийт 10 мянга гаруй хүн ажиллаж байна.

Холбоотой мэдээ