• “Ард иргэдийн дуу хоолой болж байгаа гишүүнийг хуралдаанаас хөөж гаргаад байж болохгүй”

    2020-10-22

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төсөлд:

    • Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09:00 цагаас эхэлж, 10:00 цагт хуралдаан эхлэх
    • Хуралдааны дэг зөрчсөн гишүүд хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарах зэрэг заалтууд тусгагджээ.

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

    Танхимаас хөөж гаргах тухай заалт байж болохгүй. Жишээлбэл, нэг асуудалтай холбоотой эсрэг байр суурьтай хүнийг хөөж гаргаад батлаад байж болохгүй. Нэг хүний эрх ашгийн төлөө тойрог, иргэдийг төлөөлж байгаа хүнийг танхимаас гаргаж болохгүй. Сүүлийн 10 жилд УИХ Засгийн газрын гүйцэтгэх байгууллага болж хувиргасан. Засгийн газар, Ерөнхийлөгчид хүссэн эрх мэдлийг нь өгсөн, данхайсан. Одоо дөрвөн жилийн дараа эх орон сайхан болох нь уу, харъя.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

    УИХ-ын гишүүн нь нэгдүгээрт, бусдыгаа хүндэтгэж, хоёрдугаарт, хууль ёсоо чандлан сахих үүрэгтэй. Үүргээ биелүүлэхгүй тохиолдолд ёс зүйн хариуцлага тооцох зохицуулалт өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Олон улсын парламентад ч байдаг. Эхлээд сануулдаг, дараа нь үг хэлэх эрхийг хасах, танхимыг орхин гарахыг шаардах зэрэг уян хатан, үе шаттай болгож зөөллөж байгаа. Бусад улсын жишээнээс харахад гишүүдийн ирцийн мэдээллийг хэвлэн нийтлэх, чуулганы болон байнгын хорооны хуралдаанд ирэхгүй бол албадан ирүүлэх, сануулах буюу донгодох, албан ёсоор уучлалт гуйлгах, гишүүүний бүрэн эрхийг түр түтгэлзүүлэх, гишүүнийг эргүүлэх татах, огцруулах хариуцлагыг хэрэглэдэг. Бид ийм хатуу заалтуудыг хэрэглэхгүй байгаа. Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс гишүүд эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ биелүүлэх ёстой гэсэн зарчим бусад улс орнуудад үйлчилдэг. Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжилсон бол хуралдаан даргалагч гишүүнд сануулах буюу тухайн хуралдаанд үг хэлэх эрхийг нь хасна гэсэн зохицуулалт орсон. Гишүүд маань бусад гишүүнийхээ үг хэлэх эрхийг хүндэлдэг байх ёстой. Бүх гишүүд л ард түмнийг төлөөлж байгаа.

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

    14 нөхөрт зориулж хөөж гаргах юм л байна. Хөөж гаргаж яах юм бэ. Танай намаас бол хөөгдөж гарахгүй байх. Энэ нэг 14 амьтныг хөөж гаргаад яах юм.

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

    Их хурлынхаа нэр хүндийг унагаагаад, хүчийг сулруулаад байна гэж байна. Энэ нь явж явж бид нараас л шалтгаалж байгаа. Зарим хүмүүсийн ёс зүйгүй үйл ажиллагаас болж төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын нэр хүнд унаж байгаа. Үг үсэг болгон нь хуулийн хариуцлага нэхсэн тангараг өргөдөг. Гэтэл хуралдаа ирдэггүй, хүний кноп дардаг, цаашлаад ашиг сонирхлын зөрчилтэй юманд оролцдог, өөрсдийнхөө компанид зориулж хууль гаргадаг, ард иргэдэд зориулсан зээл, бондноос хумсалдаг. Энэ бүхнийг больчихвол бид нарт ямар ч асуудал гарахгүй. Нэгэнт өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд л ажиллах ёстой.

    Зарим нэг шинэ сонгогдсон, зарим хуучин хүмүүс ч 1-2 минутаас эхлээд хуралд хоцорч байгаа улсууд бий шүү.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

    Өнөөдөр цөөнхөө хөөж гаргах, үгийг нь хэлүүлэхгүй байх тухай л хууль баталж байна. Тэхтээ юм эргэдэг гэдгийг сануулая. АН олонхи болсны дараа энэ хуулийг хамгийн эхэнд хүчингүй болгоно. Хэтэрхий их эрх мэдлийг Засгийн газар луу авчихаад, парламентийн эрхээ хааж байна.

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

    УИХ Ерөнхий сайдын хуулийн хэлтэс болж хувирлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ