МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж, Нийслэлийн засаг даргад нэр дэвшигчээ тодруулна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Нийслэл хотын засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн хурал /НИТХ/-ын даргад нэр дэвшүүлэх хүнээ сонгоно.

МАН хэнийг нийслэлийн засаг дарга болгох нь сонирхол татсаар байна. Монгол улсын нийт хүн амын 50-аас дээш хувь нь амьдардаг, агаарын бохирдол, түгжрэл, хөрсний бохирдол, ядуурал зэрэг нэн тулгамдсан асуудал ихтэй нийслэлийг удирдах хүн анхаарал татахаас ч аргагүй биз.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдахын өмнө Нийслэлийн намын хороо нь хуралдах байх. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, НИТХ-ын даргыг сонгох хуралдааны товыг батлах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ долоо хоногтоо НИТХ-ын даргаа төдийгүй, Нийслэлийн засаг даргаа томилно гэж байгаа бололтой.

Нийслэлийн засаг дарга болох сонирхолтой, өөрийгөө хотын даргад нэр дэвшүүлэгчид, нэр дэвшихийг хүсэгчид олон бий.

Тухайлбал хамгийн түрүүнд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан, НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Н.Баярмөнх, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсагсүрэнгийн нэр ч явж байна.

Мөн МАН-ын нийслэлийн намын хорооны дарга Д.Сумьяабазар өөрийн орлогч сая Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдоод буй Н.Алтаншагайг Нийслэлийн засаг даргад зүтгүүлэх тухай яригдаж байна.

Гэхдээ МАН-ын гишүүд дэмжигчдийн хувьд энэ яригдаад байгаа нөхдүүдийн дунд улсын Нийслэл хотыг удирдаад аваад явчих зангарагтай хүн харагдахгүй байгаа талаар хоорондоо ярилцаж байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ