С.Одонтуяа:Улсын эмнэлэг нэмж барих ХЭРЭГГҮЙ, хувийн эмнэлгүүдээ дэмж

2020-10-20

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм. Тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эрүүл мэндийн салбарт эрх зүй, санхүү, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг чиглэлээр шинэчлэл хийх ёстой гэж олон жил ярьж байгаа. Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулга батлагдсанаар энэ шинэчлэлүүд нилээд сайн явагдаж байгаа. Хуулийн хувьд сайн болсон боловч бодит ажил хэрэг болох тал дээр дэндүү удаан явцтай байна. 2016 оны тавдугаар сард батлагдсан хууль. Эрүүл мэндийн салбарыг үндсээр нь шинэчлэе гэвэл хамгийн түрүүнд шийдвэр гаргах түвшин дэх хүмүүсийн сэтгэхүйг шинэчлэхгүй бол болохгүй. Нөгөө л хувийн эмнэлгүүдэд битгий мөнгө өг гэдэг, хавдрын янз бүрийн эмчилгээнд дандаа мөнгө харамлана. Иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахын тулд л энэ хуулийг боловсруулсан. Энэ хууль дээр гурван жил ажилласан. Үг, үсэг бүр дээр нь нэг бүрчлэн ажилласан.

Үг, үсэг бүрийн цаана концепц байгаа. Жишээлбэл, хувийн болон улсын эмнэлэг ижил тарифаар санхүүжнэ гэдэг нь цаанаа таван зорилго агуулж байгаа.

Хувийн эмнэлгүүдээ дэмжихгүйгээр улсын эмнэлгийн ачаалал буурахгүй. Улсын эмнэлгүүд нь битүү оочиртой, харин хувийн эмнэлгүүд нь хүнгүй, дампуураад хаагдаж байна.

Нэмж төсвийн мөнгөөр улсын эмнэлэг барих ямар ч шаардлага байхгүй. Хувийн эмнэлгүүдэд хяналтаа сайн тавих хэрэгтэй.

Хувийн эмнэлгүүд чадавхжихгүй болохоор гадаад руу их хэмжээн мөнгөн урсгал бий болж байна. Гадаадад тэр мөнгөө өгч байснаас тэр мөнгийг нь монгол хувийн эмнэлгүүд нь аваг л дээ. Яагаад хувийн эмнэлгүүдээсээ харамлах сэтгэхүйтэй байдаг юм бэ? Монгол Улсад байгаа хувийн эмнэлгүүдийн 90 хувь нь үүдэн эмнэлэг.

Хувийн эмнэлэгт ижил тарифын үнэ тогтоосноор үнэ тогтворждог” хэмээн ярьсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ