• Он дуустал фитнессээр хичээллээд нэг сарын төлбөрөө эргүүлэн авах боломжтой

    2020-10-20

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм. Энэ үеэр ЭМД-аараа фитнесс клубт явах боломж 2020 оноор дуусгавар болж байгаа талаар мэдээллэв.

    2017 онд  хийгдсэн  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр магадлан итгэмжлэгдсэн фитнесс клубуудад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломжийг бүрдүүлсэн ч бодит ажил бололгүй байсаар 2019 оны сүүлч хүрсэн. 2019 оны аравдугаар сард фитнессээр хичээллэгсдэд урамшуулал олгох журмыг баталсан боловч цар тахлын улмаас фитнесс клубуудын үйл ажиллагааг хаасан.

    Дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн ажиллаж эхэлсэн боловч төсвийн тодотголоор ирэх оны төсвөөс хасагджээ.

    Тиймээс ЭМД-аараа фитнесс клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэхэд ердөө хоёр сарын хугацаа үлдээд байна.

    Эрүүл мэндийн даатгалын сангаас хоёр тэрбум төгрөгийг спортын клубт идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгоход зарцуулахаар тусгасан байна.

    ЭМД-ын газраас дараахь мэдээллийг өгөв:

    Магадлан итгэмжлэгдсэн спорт клубт даатгуулагч үйлчлүүлэхэд зориулан хоёр тэрбум төгрөгийг тусгасан. Даатгуулагчийн журмаар гурван сар фитнесс клубт хичээллэсний дараа ЭМДСангаас төлбөрөө авах ёстой. Click To Tweet Коронавирусын улмаас оны эхнээс эхлэн фитнесс клубууд ажиллахгүй байсантай холбоотойгоор одоо анхны гүйцэтгэлүүд орж ирж байгаа. Гурван сар хичээллээд нэг сарын төлбөрөө авах зохицуулалттай байгаа.

    Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга М.Оюунчимэг “ЭМД-аар фитнесс клубт хөнгөлөлттэй явах шийдвэр 2020 оны үлдсэн саруудад хэрэгжинэ. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихгүй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ